Энтертайнмент

VLOG #7| Япон дахь шинэ цэцэрлэгтэйгээ танилцав

Жил гаруйн өмнө Япон улсад ирээд хоёр настай хүүгээ цэцэрлэгт нь өгч, цэцэрлэгийнх нь туршлага, авууштай сайхан чанаруудыг нь багцлан бичиж “Монгол хүүхэд Япон цэцэрлэгт суралцсан тэмдэглэл” нэртэй бичвэрээ та бүхэнд хүргэж байжээ.

Үүнээс хойш Ананд хүү маань гурван нас хүрчээ. Эндэхийн хүүхдүүдийг гурван нас хүрэхтэй нь зэрэгцэн улсаас сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт оролцох санал тавьдаг аж. Өмнөх цэцэрлэг нь хүүхдийн боловсролд голчлон анхаарахаасаа илүүтэй ажилтай аав ээжүүдэд хүүхдүүдийг нь харж өгөх зорилготой байв. Мөн насны хувьд гурваас доош насныхан ихэвчлэн явах бөгөөд хэрэв эцэг эх нь хүсэх юм бол гурван нас хүрсэн ч энэ цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж болох юм. Учир нь хүүхэд харж өгөх үйлчилгээ бүхий энэ цэцэрлэг нь зардал мөнгөний хувьд арай бага, хүүхэд харж өгөх цаг нь маш урт, эцэг эхээс элдэв хариуцлага нэхэх нь харьцангуй бага байдаг аж.

Бидний хувьд улсаас тавьсан саналын дагуу өнгөрсөн 11 дүгээр сард бүртгэлээ хийлгэж, ярилцлагад оров. Өнгө, тоо асууж, тоглонгоо авсан энэ ярилцлагад тэнцсэн өдрөөс хойш зургаан сарын дараа шинэ цэцэрлэгтээ явахаар товлогдов. Энэ зургаан сарын хугацаанд хүүхдээ цэцэрлэгт өгөх бэлтгэл ажлуудаа хийнэ. Дүрэмт хувцасны хэмжээ өгч, түүнийгээ авах, хичээлийн хэрэгслийг нь худалдаж авахаас эхлээд оройн 20 цагт унтаж хэвших, хоолоо хоолны ширээний ард зөв сууж тогтсон хугацаанд идэж дуусгах, өөрийн эд зүйлийг таньж, “маллаж” сурахаас эхлээд даалгавар их. Учир нь хичээл эхлэхэд гурван настан маань гэрийнхээ үүднээс цэцэрлэгийнхээ автобусанд суухаас эхлээд биеэ дааж эхлэх нь ээ.

Ийм нэг шинэ цэцэрлэгт орох өдрийг тэсэн ядан хүлээж байх зуур, хүүхдүүдийг аав ээжийнхээ хамт цэцэрлэгтэйгээ танилцах өдөрлөгт оролцох урилга гэрийн шууданд иржээ. Ингээд бидний шинэ цэцэрлэгтэйгээ танилцах өдөрлөгт оролцсон богино хэмжээний бичлэгийг үзэж сонирхоно уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button