ЭМЯ: Өнөөдрөөс эхлээд хөнгөн тохиолдлуудыг гэрээр тусгаарлан, эмчилнэ
ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, “Өнгөрсөн 24 цагт халдварын 129 тохиолдол илэрсэн байна. Тэдний 120 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байна” гэж мэдээллээ. 129-өөс гадна зөөвөрлөгдөж орж ирсэн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох өнөөдрөөс эхлэн хөнгөн тохиолдлуудыг гэрээр эмчилж эхэлж буй талаар мэдээллээ.
Тэрбээр “Өдөр бүр 100-аас дээш халдвар бүртгэгдэж байна. Иймд эмчилгээний орны нөөцийг нэмэх шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд өмнө нь хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэх төлөвлөгөөг баталчихсан байсан. Иймд өнөөдрөөс эхлээд хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг гэрээр эмчилж эхэлж байна. Нийт халдваруудын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байна.
Маш цөөн тохиолдолд нь цаашид хүндэрч байгаа. Гэрээр эмчлэхийн тулд тухайн иргэний гэр ахуйн орчныг үнэлэх үнэлгээний хуудас гаргаж байна. Мөн бусад холбогдох хуудсуудыг бэлтгээд хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Зарим тохиолдолд гэр дотор хүүхдүүд, настай хүмүүс байгаа бол энэ шалгуурт тэнцэхгүй” гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.