НИЙГЭМ

С.Баярцогт нарыг шүүх хурал хойшиллоо

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нар өнгөрсөн хоёрдугаар сард Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэдний шүүх хурал товлогдохгүй хоёр сар хойшилсны эцэст энэ сарын 16-нд товлогдсон. Гэвч шүүхийн байранд халдвар бүртгэгдсэнээс ийн шүүх хурал хойшилжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон. Улмаар давж заалдах шатны шүүхээс ялыг нь бараг 50 хувь бууруулж, 4.8 жил болгож бууруулсан. Улмаар Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Тэд цагдан хоригдоод 10 сар болж буй.

Гэтэл энэ ял нь дахиад их байна гэж үзсэн бололтой дээд шүүхэд ийн гомдол гаргаад байна. Энэ шүүх хурлаар С.Баярцогтын ял дахин буурч ч мэдэх юм. Учир нь Дээд шүүхээр улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэдний эрхзүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж буй жишээ хэд хэд бий.

Тухайлбал улсын Дээд шүүхээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Ж.Эрдэнэбатад анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан зургаан жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаасан. Улмаар Ж.Эрдэнэбат батлан даалтад гарч, бүр УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд ажилдаа орчихсон яваа.

Мөн Н.Номтойбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан 5.5 жилийн ялыг нэг жил болгон бууруулж шийдвэрлэсэн. Түүний хувьд эдлэх ёстой ялаа биеэрээ эдлээд өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллагдчихаад байна.

-С.БАЯРЦОГТ ЯМАР ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН БЭ-

С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан, “Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-16 12:02

Муу хужааг насаар нь хорь.

Холбоотой мэдээ

Back to top button