УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын дүрмийн 95.1.2: ЕНБД-ыг Хяналтын ерөнхий хороо огцруулж болно

Өнгөрсөн баасан гарагт Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос ЕНБД С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн. Хуралдаанд хорооны 15 гишүүнээс 13 нь оролцож, бүгд дэмжсэн байна. Хороо энэ шийдвэрийн шалтгааныг дотоод сонгуулийн үеэр гарсан будилаантай холбон тайлбарлажээ. Мөн арваннэгдүгээр сарын 14-нд намын Онц их хурлыг зарлан хуралдуулахаар болсныг АН-ын зарим гишүүн мэдэгдсэн.

Харин өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "ХЕХ-ны шийдвэр дүрмийн бус, ҮБХ руу халдсан шийдвэр. Намын ЕНБД-ыг огцруулах мэдэл ҮБХ-нд байдаг" гэх мэдээллийг өгөв.

Шийдвэр гаргасан Хяналтын ерөнхий хороо 15 гишүүнтэй. Хорооны дарга нь З.Энхболд, дэд дарга нь Ш.Түвдэндорж. Мөн Д.Батцогт, Т.Батчулуун, Д.Ганхуяг, П.Ганхуяг, А.Долгормаа, Х.Ержан, А.Жаргал, Л.Нарантуяа, С.Од-Эрдэнэ, Ц.Одонтунгалаг, Д.Үүрийнтуяа, Ч.Цасчихэр, Д.Цэндсүрэн нар хорооны гишүүнээр ажилладаг.

Маргаан дагуулаад буй агуулга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх хэнд байдаг вэ. Тэгвэл Ардчилсан намын Үндсэн дүрэмд энэ талаар хэрхэн заасныг хүргэе.

Хяналтын ерөнхий хороонд ямар эрх бий вэ?

Дүрэм Ерөнхий нарийн бичгийн даргыг шууд нэрлэж, түүнийг сонгуульт албанаас чөлөөлөх, огцруулах асуудлыг Хяналтын ерөнхий хороо шийдэхээр заасан. Гэхдээ энэ эрх дүрэм, журам зөрчсөн нь тогтоогдсон үед л хэрэгжинэ.

Дүрмийн 95.1.2-т зааснаар хорооны бүх гишүүн оролцдог Нэгдсэн хуралдаан намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг албанаас чөлөөлөх, огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Ингэхдээ Дунд суудлын хуралдаанаас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэнэ. Шийдвэр гаргахад 15 гишүүний 12-оос доошгүй нь дэмжих шаардлагатай. Баасан гарагт дэмжсэн 13 санал энэ босгыг давсан байна.

Хорооны эрх үүгээр хязгаарлагдахгүй. Дүрмийн 89.2-т зааснаар тус хороо Ерөнхий нарийн бичгийн даргын тушаал зэрэг дүрэм зөрчсөн шийдвэрийг түдгэлзүүлж, хүчингүй болгож болно (89.2.2, 89.2.3). Мөн хариуцлагын болон сахилгын шийтгэл ногдуулах (89.2.5, 89.2.6), сонгуульт гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох (89.2.7) эрхтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга намын гүйцэтгэх төв байгууллагыг удирддаг. Иймд тэрхүү байгууллагатай холбоотой асуудлаар хороо дүгнэлт гаргах заалт (89.1.1) түүнд ч хамаарна.

Зөрчлийг эхлээд дэд хороо шалгана. Удирдах албан тушаалтны зөрчил, намын удирдлагын шийдвэр, эс үйлдэхүйг Үйл ажиллагааны хяналтын дэд хороо (91.1, 91.2.2), санхүү, өмч хөрөнгийн асуудлыг Санхүү хөрөнгийн хяналтын дэд хороо (93) шалгадаг.

Ямар зөрчилд ямар шийтгэл ногдуулах вэ?

Ерөнхий нарийн бичгийн дарга намын удирдах албан тушаалтанд тооцогддог (6.1.2). Тиймээс дүрмийн 17, 18 дугаар зүйлд заасан хариуцлага, сахилгын шийтгэл түүнд шууд хамаарна. Сахилгын шийтгэлийг хяналтын байгууллага ногдуулна (18.2). Шийтгэлийн хэмжээ зөрчлөөс хамаарч ялгаатай.

Дүрэм, журам зөрчсөн бол албанаас нь чөлөөлж, дотоод сонгуульд нэр дэвших эрхийг 2 жил түдгэлзүүлнэ (18.1.1). Эрх мэдлээ урвуулан ашигласан, санхүүгийн журмыг санаатай зөрчсөн, шийдвэр биелүүлээгүй зэрэг зөрчилд албанаас нь чөлөөлөөд нэр дэвших эрхийг 4 жил хасна (18.1.8–18.1.19). Хариуцлагын зөрчилд (17.1) нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх шийтгэлийг (17.2.6, 17.2.7) мөн хяналтын байгууллага ногдуулдаг (17.3.3).

Шийдвэр ямар шатаар гарах ёстой вэ?

Дүрэмд шийдвэр гаргах дараалал, хугацааг ч тодорхой заасан. Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах асуудал нийтдээ дөрвөн шат дамжина.

Нэгдүгээр шатанд Ерөнхий нарийн бичгийн даргын тухай өргөдөл, хүсэлтийг үйл явдал болсноос хойш 14 хоногийн дотор Хяналтын ерөнхий хороонд гаргана (90.1). Хорооны дарга түүнийг ажлын 2 хоногт багтаан холбогдох дэд хороонд хуваарилна.

Хоёрдугаар шатанд дэд хороо ажлын 7 хоногт материалыг шалгаж, дараагийн ажлын 5 хоногт хэлэлцэнэ. Дүгнэлт гаргахад дэд хорооны 5 гишүүний 3 нь дэмжих шаардлагатай (90.1.1–90.1.3).

Гуравдугаар шатанд 10 гишүүнтэй Дунд суудлын хуралдаан ажлын 5 хоногт багтаан 8-аас доошгүй гишүүний саналаар шийдвэр гаргана (94.1, 94.4, 94.7).

Дөрөвдүгээр шатанд албанаас чөлөөлөх, огцруулах асуудлыг Нэгдсэн хуралдаан хэлэлцэж эцэслэнэ. Хорооны 15 гишүүний 12-оос доошгүй нь дэмжвэл шийдвэр гарна (95.1.2).

Дүрэмд ямар хийдэл байна вэ?

Нэгдүгээрт, Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах тусгай үндэслэл дүрэмд байхгүй. Намын даргыг огцруулах үндэслэлийг 119 дүгээр зүйлд, дэд даргынхыг 128 дугаар зүйлд тусгайлан заасан. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын тухай 131 дүгээр зүйлд албанаас гарах хоёрхон тохиолдол бий. Нэг нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх (131.3), нөгөө нь шинэ намын дарга сонгогдоход чөлөөлөгдсөнд тооцогдох (131.4) явдал.

Хоёрдугаарт, Хяналтын ерөнхий хорооны шийдвэр шууд хүчин төгөлдөр болох уу, эсвэл Үндэсний бодлогын хороо баталгаажуулах уу гэдгийг дүрэм тодорхой заагаагүй. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын саналаар Үндэсний бодлогын хороо томилж, чөлөөлдөг (79.1.13, 118.3.7). Харин 89.2.9-д Хяналтын ерөнхий хороо дүгнэлт гаргаад эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандана гэж заажээ. Энэ заалтыг уншвал хорооны дүгнэлтийг намын дарга эсвэл Үндэсний бодлогын хороо хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож болно.

Үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд зохицуулалт өөр. Тэднийг Хяналтын ерөнхий хорооны дүгнэлтээр шууд чөлөөлж, огцруулдаг (80.1, 80.2). Ерөнхий нарийн бичгийн дарга Үндэсний бодлогын хорооны гишүүн байх ёстой (131.2). Тиймээс гишүүнчлэлээ алдвал албан тушаалынхаа шаардлагыг хангахаа болино.

Энэ маргааныг хэн тайлбарлах вэ гэдэг асуулт ч бий. Дүрмийн заалтын талаарх маргааныг тайлбарлах эрхийг дүрэм мөн Хяналтын ерөнхий хороонд олгосон (89.1.3, 95.1.1). Иймээс шийдвэр хүчин төгөлдөр эсэх маргаан эцэстээ тус хороон дээр дахин очих боломжтой.

Цаашид юу болох вэ?

Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзвэл нам эхлээд түр орлон гүйцэтгэгч томилох ёстой. Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулсан үед мөрдөх тусгай заалт дүрэмд байхгүй. Гэхдээ албан тушаал сул болж байгаа нөхцөл адил тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеийн журмыг (131.3) адилтган хэрэглэх боломжтой. Шинэ дүрмээр түр орлон гүйцэтгэгчийг намын дарга өөрөө томилдоггүй. Дарга нэр дэвшүүлж, Улс төрийн зөвлөл томилно.

Энэ журмын дагуу намын дарга 7 хоногийн дотор түр орлон гүйцэтгэгчид хүн нэр дэвшүүлж, Улс төрийн зөвлөлд санал оруулна (131.3). Хурлын товыг ажлын 5 хоногийн өмнө зарлана (103.1). Улс төрийн зөвлөл дараагийн 7 хоногт түр орлон гүйцэтгэгчийг томилно. Хуралдаан нийт гишүүний ердийн олонхын ирцтэй байж, шийдвэрээ оролцогчдын ердийн олонхын саналаар гаргана (103.5, 103.6). Мөн энэ хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны хурлыг 30 хоногийн дотор хийхээр зарлана. Түр орлон гүйцэтгэгч 30 хоногоос илүү ажиллах эрхгүй (160.2). Энэ хугацаа Үндэсний бодлогын хорооны хурлын хугацаатай давхцаж байгаа юм.

Үндэсний бодлогын хороо Улс төрийн зөвлөлийн шийдвэрээс хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Хурлын товыг намын дарга 7 хоногийн өмнө зарлаж (76.3), хэлэлцэх асуудлыг Улс төрийн зөвлөл тогтооно (104.1.8). Нэр дэвшигчийг намын дарга санал болгоно (118.3.7, 131.1). Тэрбээр Үндэсний бодлогын хорооны гишүүн байх ёстой. Мөн тухайн үедээ дүрэм, журам зөрчиж сахилгын хариуцлага хүлээгээгүй байх шаардлагатай (131.2). Хуралдааны ирц нийт гишүүний ердийн олонх байна (77.3). Хүний нөөцийн асуудлыг цахим, хосолмол хурлаар хэлэлцэхийг дүрэм хориглосон тул хурлыг заавал танхимаар хийнэ (77.2.3).

Ижил төстэй дараалал өнгөрсөн хавар хэрэгжсэн. /2026.04.15/-нд Улс төрийн зөвлөл С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Улмаар /2026.05.06/-нд Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хурал түүнийг санал хураалтад оролцсон 338 гишүүний 224-ийн дэмжлэгээр буюу 66 хувиар сонгосон байдаг.

Дүрмийн хугацааг нэмж тооцвол түр орлон гүйцэтгэгч огцруулснаас хойш 14 хоногийн дотор, шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга ойролцоогоор 44 хоногийн дотор томилогдох учиртай.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button