Нийгмийн

ХЭРЭГ: Нийгмийн даатгалын ажилчид МӨНГӨ ЗАВШСАН хэргээр СААТУУЛАГДЖЭЭ

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс албаны хүмүүс хуурамч баримт бүрдүүлж, хувьдаа завшсан хэрэг өмнө нь нэг бус удаа гарч байсан.  

Тэгвэл Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Э болон Ц гэх хоёр ажилтан нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшсан гэх үйлдэлд холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болов.

Уг хоёр ажилтан нь  иргэн О, Б хоёр иргэнтэй хуйвалдан хуурамч баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас мөнгө завшсан гэх. Тэд хуурамч бичиг баримт үйлдэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө завшиж байсан. Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож байсан баримт илэрсэн гэх мэдээлэл бидэнд олдсон юм.    

Иймд бид уг хэргийн талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга Б.Батсүхтэй холбогдож тодрууллаа,

“Тэрбээр манай хоёр ажилтан холбогдсон гэхээсээ илүү хоёр компанитай холбоотой бичиг баримтыг хураан авч шалгаж байгаа. Хоёр ажилтан маань ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан гэх мэдээлэл нь худлаа. Хэрэг шалгагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ.

ТЭД 48 ЦАГ СААТУУЛАГДАЖ, БАТЛАН ДААЛТАД ГАРЧЭЭ

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад,

"Уг хэрэг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа. Э болон Ц нар Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдсан. Тэд одоо батлан даалтад гарсан бөгөөд хэрэг шалгагдаж байгаа" хэмээсэн юм.  

Мөн өөр нэгэн эх сурвалж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын ажилтан Э болон Ц нарыг хэд хэдэн компанийг ашиглаж, 300 гаруй хүний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас мөнгө завшиж хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа гэлээ.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button