НИЙГЭМ

Хамтарсан мэдэгдэл

2021.05.11, Улаанбаатар хот

Үндэсний өдөр тутмын сонины нэг “Өглөөний сонин” 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн  дугаарын тэргүүн нүүртээ ураны олборлолт ашиглалтын талаар ташаа  мэдээлэл бүхий  “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гэх гарчигтай мэдээлэл, ярилцлагын хамт нийтлэгджээ.

Энэхүү нийтлэл, ярилцлага нь бодит байдалд үл нийцэж, гүтгэн гуйвуулсан, олон нийтийг хий хоосон айдаст автуулахыг оролдсон  агуулгатай болсонд төрийн өмчит “Мон-Атом” ХХК болон тухайн компанийн Франц улсын Орано групптэй хамтарсан  “Бадрах Энержи” ХХК харамсаж байна.

Уг нийтлэл ньхамтарсан компанийг үндэслэлгүйгээр буруутгахаас гадна газрын доор уусган олборлох технологи, түүнээс үүдэн хүрээлэн буй орчин, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бий болсон мэт илт худал мэдээлэл олныг  агуулснаараа хамтарсан компанийн  хууль ёсны эрх ашиг, ажил хэргийн нэр хүндэд халдсан, эгэл жирийн малчин ардын амьжиргааны эх үүсвэр болсон малыг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тухайлбал, “… Арева нэрээр дэлхийд танигдсан “…Францын компани Монголд 1997 оноос “Кожеговьнэрээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна… “Бадрах Энержи” ХХК Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт  уран олборлож байна”, “… энэ олон жилийн хугацаанд ураны хор хөнөөлд гүнзгий живжээ…” хэмээн олон нийтийг төөрөгдүүлэхийг оролджээ.

Дэлхийн цөмийн салбарын тэргүүлэгчдийн нэг Францын “Орано”групп /хуучнаар “Арева” групп/ нь цөмийн материалын чиглэлээр олон арван жилийн туршлагатай, Францын төрийн өмч давамгайлсан  компани юм.

Нийтлэлд дурдсанчлан “зүсээ хувиргасан” зүйл байхгүй. Франц улсад төвтэй  “Арева” толгой компанийн үйл ажиллагааг Франц улсын төрийн шийдвэрээр цөмийн цикл, цөмийн реакторын чиглэлээр салгаснаар   ураны хайгуул, олборлолтын хэсэг нь “Орано” группийн  салбар болсон.

Ураны хайгуулын чиглэлээр “Кожеговь” ХХК 1997- 2018 онд үйл ажиллагаа явуулж Монгол Улсын ураны батлагдсан нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлсэн билээ. Өнөөдөр Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд 12-р байрт жагсаж байна.  Харин хамтарсан “Бадрах Энержи” ХХК 2017 оноос Монгол Улсад ураны ордын бүтээн байгуулалт, хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Гэтэл “Бадрах Энержи” ХХК-ийг 1997 оноос хойш уран олборлож байгаа мэтээр худал, ташаа мэдээлэл түгээсэн байна. “Бадрах Энержи” ХХК 1997 оноос хойш  тасралтгүй уран олборлоогүй болохыг үүгээр мэдэгдье.

Иймд ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор ард иргэдийн дунд шинжлэх ухааны үндэслэлгүй, бодит бус, хэт нэг талыг барьсан сөрөг мэдээ, мэдээлэл түгээж байгаад харамсаж байна.

Энэ төрлийн сөрөг мэдээллийн улмаас Монгол Улсын үе үеийн Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүрч байв.Тухайлбал,

  • Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2013 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 22-ний өдрүүдэд бараг бүтэн нэг сараар,
  • Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-18-ны өдрүүдэд 11 хоног,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 07-ны өдрүүдэд 8 хоног,
  • Түүнчлэн 2020 оны долдугаар сард Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар /МХЕГ/, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгалт хийсэн.

Дээр дурдсан хяналт, шалгалтад зөвхөн улсын байцаагч, төрийн захиргааны албан хаагчдаар хязгаарлагдаагүй, холбогдох шинжлэх ухааны харьяа байгууллагын эрдэмтэн, судлаачид хамрагдсан болохыг тэмдэглэж байна.

Мөн аймгийн ИТХ, нутгийн иргэдээс 2016 оноос хойш гаргасан шаардлагын дагуу төслийн үйл ажиллагаанд гуравдагч орны хөндлөнгийн байгууллагаар бие даасан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг АНУ-ын Стантек компани хийсэн болно.

Засгийн газрын байгууллагуудын хяналт, шалгалт болон олон улсын хөндлөнгийн судалгаагаар төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор уранаас байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн нэг ижил дүгнэлтэд хүрсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг олон нийтэд тухай бүр мэдээлж ирсэн билээ.

Энэхүү нийтлэл, ярилцлага нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын эсрэг чиглэсэн, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь манай улсын байгаль экологийг сүйрүүлсэн, хүн, мал, амьтныг үхэлд хүргэсэн мэтээр олон нийтийг айдаст автуулахыг оролдсон, үндэслэлгүй гүтгэлэг, худал мэдээллээр дүүрэн нийтлэл болсон гэж үзэж байна.

Иймд хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар бодит байдалд нийцээгүй, худал ташаа, хийсвэр зураг дүрс агуулсанбайгаа тул өөрийн сониноороо дамжуулан нэн даруй залруулга хийхийг “Өглөөний сонин”-ны удирдлагаас хатуу шаардаж байна.

Олон нийтэд түгээсэн бодит бус, худал ташаа нийтлэл мэдээлэлдээ нэн даруй залруулга хийхгүй аваас хоёр улсын хамтарсан компанийн хууль ёсны эрх ашиг, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үүднээс хуулийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болохыг үүгээр тууштай мэдэгдэж байна.

ТӨРИЙН ӨМЧИТ “МОН-АТОМ” ХХК,

“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button