УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг наймдугаар сард багтааж сонгон шалгаруулна

Ховд аймагт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн гүйцэтгэгч талыг сонгон шалгаруулах тендерийг хойшлуулж, цуцалсан хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдрийн чуулганы хуралдааны үеэр нэлээд бухимдсан. Тодруулбал, энэ төслийн ажлыг гацаавал Н.Тавинбэх сайдыг ажлаа өгөөд зайлаарай хэмээсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн. Төслийн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНХАУ-ын Төрийн өмчит China Water Resources Beifang Investigation Design and Research (BIDR) компанитай хамтран боловсруулж, Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцүүлэн Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 10-1/7709 дугаартай албан бичгээр БНХАУ-ын талд хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн дагуу тендер шалгаруулалтад оролцох Power China, China CAMC Engineering Co.,Ltd, Shanghai Construction Group гэсэн 3 компанийн нэрийг тус тус ирүүлсэн.

Энэхүү албан бичигтэй холбогдуулан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллүүд болон Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо төрийн бус байгууллагын усны зөвлөх инженерүүдийг оролцуулан байгуулсан.

 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендерийг зарлаж, урилгыг оролцогч компаниудад хүргүүлсэн.

 Тендерт оролцогчдоос ирүүлсэн саналд үнэлгээ хийхэд Пауэр Чайна ХХК, Шанхай констракшн групп ХХК, Чайна КАМК инженеринг ХХК нь тус бүр гурван шалтгаанаар тендерийн шаардлага хангаагүй. Иймд тендерийг 30 хоногийн хугацаагаар дахин зарлаж, тендерт оролцогчдод урилга болон тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Тус тендерийг 2021-07-30-ны өдөр нээх бөгөөд 2021 оны 08 сард багтааж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button