СПОРТ

О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нарыг “Токио 2020” олимпын Монголын багийн тугчаар сонгожээ

“Токио-2020” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нарыг сонгожээ.

Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монголын Үндэсний олимпын хорооноос ийнхүү шийдвэрлэсэн байна. 

ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгожээ.

Ө.Дүүрэнбаяр нь 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх.

О.Хулан нь1999 онд төрсөн, сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар Үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна.

Дашрамд сануулахад олимпын наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авах юм.

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button