Covid-19

БНСУ-д нэг дор 4-өөс олон хүн цугларахыг хоригложээ

Коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, дээд цэгтээ хүрсэн тул орон даяар хязгаарлалт тогтоохоор болсон талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Сүүлийн нэг хоногийн хугацаанд тус улсад коронавирусийн халдварын 1,6 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх үзүүлэлттэй харьцуулбал хамаагүй өндөр үзүүлэлт юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар сүүлийн үед тус улсад 1000 орчим тохиолдол олон хоног дараалан бүртгэгдсэн ажээ.

“Сөүл хотын гаднах бүс нутгуудад шинээр илэрсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад дунджаар хоёр дахин нэмэгдсэн”, – хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Бу Гём коронавирусийн асуудал хариуцсан байгууллагуудын уулзалтын үеэр мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид улс оронд нь цар тахлын дөрөв дэх том давлагаа дэгдэх вий хэмээн эмээж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нийгмийн хүрээнд хоёрдугаар шатны хязгаарлалтыг илүү чангатгахаар шийдвэр ргаад байна. Энэ удаагийн хязгаарлалтаар нэг дор дөрвөөс илүүгүй хүн цугларахыг хориглох аж.

Хязгаарлалт нь голдуу нийслэл Сөүл хотоос гадна үйлчлэх юм байна. Сөүл хотод долдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн оройн 18 цагаас хойш хоёроос дээш хүн цугларахыг хориглосон дөрөвдүгээр шатны хязгаарлалтыг дагаж мөрдөж байгаа юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд өмнө нь вакцины хангамж тарсан байсан учраас 5-59 насныхны вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлуулж байсан ч Лхагва гарагаас эхлэн дахин вакцинжуулалтыг эхлүүлэхээ мэдэгдлээ.

Цар тахлын энэ бүх хугацаанд “COVID-19” халдварын 171 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2 мянга орчим хүн нас бараад байгаа юм.

Ийнхүү “COVID-19”-ийн тохиолдол шинэ дээд амжилт тогтоосон тул эрх баригчид Сөүл хотоос гаднах бүсүүдэд хэсэгчлэн хориг тогтоох шийдвэр гаргалаа. Энэ нь өдөрт бүртгэгдэж буй өвчлөлийн тоо урьд өмнө байгаагүй их буюу хоногт 1615 тохиолдол шинээр илэрч байгаа нь долдугаар сарын 9-нд бүртгэгдэж байсан 1378 тохиолдлоос нэмэгдэж дээд цэгтээ хүрсэнтэй шууд холбоотой. “Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна”, – хэмээн Өмнөд Солонгосын Өвчний Хяналт-Урьдчилан Сэргийлэх Агентлаг (KDCA)-ийн дарга Чон Ын Гён мэдэгдлээ.

(Эх сурвалж: swissinfo.ch)

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button