УЛС ТӨР

АРХАНГАЙН АН: Д.Золжаргалыг огцруулахгүй гэж гарын үсэг зурсныг эвлүүлэг хийж буруугаар ойлгуулж байна

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан. Тодруулбал АН-аас 20, МАН-аас 19 төлөөлөгч сонгогдож, АН нэг төлөөлөгчийн давуугаар олонх болсон юм.

Тэгвэл өчигдөр /2021.07.20/ орой 19:00 цагт Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна. Өөрөөр хэлбэл олонх байсан АН-ын дундаас “урвагч” гарч ирж, МАН-ын төлөөлөгчидтэй нэгдсэн гэсэн үг. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 13 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байна. Ингээд хуралд 21 төлөөлөгч оролцож, нийт 39 төлөөлөгчийн 53,8 хувь нь тус саналыг дэмжжээ. Тэдгээр 21 төлөөлөгчийн 19 нь МАН-ынх бол хоёр нь АН-ын байжээ.

Улмаар сошиал орчинд АН-ын бүлгийн төлөөлөгчид нь өөрсдөө огцруулах санал оруулсан гэх гарын үсэг бүхий цаасан баримтын зураг гарч ирэв. Тиймээс юу болж өрнөсөн талаар Архангай аймгийн АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбаттай холбогдож, тодрууллаа.

-Танай АН-ын бүлгийн 20 төлөөлөгч гарын үсэг зурж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах санал оруулсан юм байна шүү дээ. Яагаад ийм санал гаргах болов?

-Тэр худлаа шүү. Манай бүлгийн гишүүд огцруулахгүй гэж гарын үсэг зурсаны “гүй” гэдэг хэсгийг нь авчихсан тийм зураг сошиалд тавьсан байна билээ.

-Тэгэхээр танай бүлгийн гишүүд огцруулах санал гаргаагүй, тэр цаас хуурамч гэсэн үг үү?

-Тийм.

Уг цаасыг Архангай аймгийн АН-ын зүгээс эвлүүлэг хийсэн гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, огцруулахгүй гэж гарын үсэг зурсан өргөдөлд засвар хийж, огцруулахгүй гэсэн үгний “гүй” гэснийг дарж, олон нийтэд дэлгэсэн байна гэв.

-АН-ынхан орон нутагт ч дотооддоо хагаралдаж эхэллээ гэж олон нийт дүгнэж байна?

-Нэр бүхий 13 төлөөлөгч Д.Золжаргалыг огцруулах шалтгаан бүхий өргөх бичиг оруулж ирсэн юм. Тэр бичигт дандаа хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй үндэслэлүүд байгаа. Тэр үндэслэлүүд нь тогтоогдоогүй учраас өчигдрийн ИТХ-ын хуралдаанд АН-ын бүлгийн төлөөлөгчид оролцох шаардлагагүй гэж үзээд оролцоогүй.

-13 гишүүн бүгд МАН-ын төлөөлөгчид үү?

-АН-аас хоёр хүн гарын үсэг зурсан байсан. Үнэхээр ямар шалтгаанаар намынаа эсрэг гарын үсэг зурсаныг мэдэхгүй байна. Яагаад намын бүлгийн шийдвэрээс зөрөв гээд гайхаж байна.

-Архангай аймгийн АН-ын төлөөлөгчдийн хувьд дотооддоо хагарч бутарч, үл ойлголцсон асуудал бий юу?

-Бидний дунд улс төрийн үл ойлголцол, асуудал ерөөсөө  байхгүй. Үл ойлголцол байхгүй учраас өчигдрийн хуралдаанд манай намын бүлэг оролцох шаардлагагүй гээд орхисон.

-Архангай аймгийн дулааны станцын асуудал шийдэгдэхгүй олон жил шүүхээр явсан. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал олон жил ялагдсан уг шүүх хуралд анхны ялалтаа байгуулсан нь олон хүмүүсийн эрх ашгийг хөндсөн учраас огцруулах үндэслэл боллоо гэх шуум бас сонсогдож байна. Үнэний ортой юу?

-Үгүй байх аа. Дулааны цахилгаан станцын асуудал удаж байгаа асуудал. Эцсийн байдлаар сая эцэслэсэн. Тэр асуудал огцруулах шалтгаанд нөлөөлөх зүйл биш.

-Тэгвэл яг ямар шалтгаанаар огцруулах өргөдөл өргөн барьчихав аа. Тухайлбал?

-Архангай аймгийн Боловсролын газрын даргыг хууль бусаар тавьсан, хоёр бил үү гурван сумын засаг даргыг хууль бусаар тавьсан гэх мэт асуудал байсан. Үүний ИТХ шийдэх асуудал биш л дээ. Хууль хяналтын байгууллага зөв үү, буруу юу гэдгийг шийднэ. Тиймээс ИТХ хуулийн байгууллагын өмнөөс шийдвэр гаргаж, Засаг дарга огцруулж болохгүй.

-Өнөөдөр танай намын бүлэг хуралдах гэж байгаа юм муу?

-Тэгнэ. Хурлаар өчигрийн ИТХ-ын хурал хууль ёсных байсан эсэхийг хэлэлцэнэ. Хуралд хуралдах процесс хуульд заасан цаг хугацаатай байх ёстой. Өчигдрийн хурал хуульчилсан цаг хугацаандаа хуралдаагүй, хэтрээд өнгөрсний дараа хуралдсан учраас хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр албан ёсоор эцэслэн шийдсэн асуудал алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Огцруулахгүй тул хур#### зарлаж хур####дуулж өгнө үү гэсэн бичиг болж байна уу. Хийсэн ажлаа ямар ч логикгүй тайларлах юм. Ийм хуурамч тайлбарын худ#### болохыг хэн ч ойлгоно.

  2. Огцруулахгүй гэсэн юм бол хур#### зарлуулах хүсэлт гаргадаг нь юу гэсэн үг үү сонирхолтой гэхэд арай юу хэ хэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button