
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, аймгийн начин Ө.Пэрэнлэйжамц энэ улирлын "Алтан цом"-ын төлөөх барилдаанд Архангай аймгийн бөхчүүдийн "Хатант интернэшл" багийн бүрэлдэхүүнд шинээр дуудагдаад байгаа билээ.
Үндэсний бөхийн Улсын Дархан аварга аав, Даян аварга өвөөгийнхөө шийрийг хатаах "ясны бөх" хэмээн олны анхааралд ороод буй Ө.Пэрэнлэйжамцын хувьд 2026 оны Архангай аймгийн баяр наадамд авга ах, Улсын харцага Г.Батбаяраар тав давж, аймгийн начин цолны болзол хангасан юм. Түүнчлэн Төв аймгийн Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаанд Улсын арслан цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулан шөвгөрсөн тэрбээр яах аргагүй "Алтан цом"-ын барилдааны хүлээлт үүсгэсэн бөхчүүдийн нэгт тооцогдох биз.
Ө.Пэрэнлэйжамц нь багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ төрлөөрөө олонд танигдсан нэгэн бөгөөд Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, Сагсан бөмбөгийн өсвөрийн 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон.
Мөн жүдо бөхийн хүнд жинд (+100 кг) хичээллэж, 2023 онд Хонконгод болсон Жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2025 онд Монголын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулсан шилдэг тамирчдын "ТОП 6" цуврал тэмцээнд түрүүлсэн амжилтын эзэн юм. Өдгөө үндэсний бөхийн төрлөөр амжилттай хичээллэдэг, олон талт авьяастай залуу тамирчны тухай товч танилцуулъя.
- Төрсөн он, сар, өдөр: 2002.02.16
- Биеийн жин, өндөр: 198 см өндөр, 96 кг
- Спортын амжилт: Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
- Өсвөрийн УАШТ-ий “Шилдэг тоглогч”.
- ICG Олон улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальтай.
- 3х3 өсвөрийн УАШТ-ий аварга.
- Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
- MNBA Үндэсний лигийн аварга.
- Жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
- Гэр бүл: Түүний аав нь Дархан аварга Г. Өсөхбаяр, авга ах нь Улсын харцага Г. Батбаяр, харин төрсөн ах Ө. Дэмиджамц нь Японы мэргэжлийн сүмо бөхийн Миягино дэвжээнд барилдаж буй тамирчин юм.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.