Илон Маск Тесла компани Биткойныг дахин төлбөрийн хэлбэрээр авч магадгүй гэжээ

Тесла компанийн захирал Илон Маск Биткойныг дахин машин худалдаж авахдаа ашиглаж болох төлбөрийн хэлбэр болгож магадгүй хэмээжээ. Тэрбээр “B Word” нэртэй криптовалютын хурлын үеэр “Хамгийн магадлалтай хариулт бол Тесла Битконыг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авахаа үргэлжлүүлэх юм” гэсэн байна.

Маск гуравдугаар сарын сүүлээр Тесла компани Биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авч эхлэж байгааг зарласан. Гэтэл үүнээс хоёр хүрэхгүй сарын дотор тус шийдвэрээ өөрчилсөн билээ. Үүний улмаас тавдугаар сард Биткойны ханш их хэмжээгээр унасан. Тесла компанийн шийдвэрийн дараа Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Ингэснээр Биткойны ханш илүү хурдацтай унасан юм.
Биткойн олборлоход ашигладаг чулуужсан түлшийг сайн судалж байгаа гэж Маск хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Олборлоход ашигладаг энергийн 50 гаруй хувь нь нөхөн сэргээгдэх эрчим хүч бөгөөд энэ хувь нэмэгдэж байгаа гэдгийг бат мэдэхийн тулд дахиад жоохон цаг хэрэгтэй байна. Хэрвээ үнэн бол Тесла Биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа үргэлжлүүлнэ” хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.