НИЙГЭМ

Д.Дэнзэн: Өмнөговь аймагт үертэй холбоотой 310 дуудлага ирсэн

Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн борооны улмаас үер болж аюултай нөхцөл байдал үүсээд буй. Мөн үүнээс шалтгаалан Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн Цогт-Овоо дахь Шалган нэвтрүүлэх цэг дээр хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Аймгийн зүгээс гамшигт өртөгсдийг авран хамгаалах болон засварын ажлуудыг гүйцэтгэж байна.

Энэ талаар бид Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Д.Дэнзэнгээс тодрууллаа.

-Үерийн улмаас иргэн гэмтэж бэртсэн тохиолдол гарсан уу?

-Одоогийн байдлаар сураггүй болсон, гэмтсэн хүн бүртгэгдээгүй байна. Гэр орон нь үерт автсан гэх дуудлага иргэдийн зүгээс их ирж байгаа. Энэ тал дээр Аймгийн онцгой комиссоос очих газаргүй айлуудыг аймгийн улаан загалмай хороо, аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар өрөө бэлдэж оруулах арга хэмжээг авч байна. Одоогоор энэ түр байранд орсон айл цөөн байна.

-Аврах ажиллагаанд хэдий хэр хүн оролцож байгаа вэ?

-Өнгөрсөн хоногийн байдлаар 24 тээврийн хэрэгсэлтэй 97 албан хаагч шуурхай дуудлагаар иргэдэд тусламж үзүүлсэн. Аймаг, сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ нь сайн дурын иргэдийг оролцуулаагүй зөвхөн төрийн албан хаагчдыг бодсон тоо баримт. Сүүлийн гурав хоногийн хугацаанд үертэй холбоотой нийт 310 дуудлага аймгийн онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд ирсэн. Бид ажилчдаа хуваарилан ажиллаж байна. Мөн сайн дураар тусламж буй хүмүүс ч цөөнгүй байна.

-Ямар хүмүүс сайн дураар ажиллагаанд оролцсон бэ?

-Уул уурхайн компаниуд техникээр тусламж үзүүлж байгаа. Мөн клубууд болон холбоодын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар авран хамгаалах ажиллагаанд оролцож байна. Тэдний хувьд туулах чадвар сайтай техник хэрэгслээр энд тэнд шаварт суусан дуудлагууд дээр түлхүү ажиллаж байгаа.

-Аймгийн хэмжээнд далан, шуудуу үерийг тогтооход хэр хэмжээнд нөлөөлж байна вэ?

-Аймгийн зүгээс шинээр нэмж далан шуудуу ухах ажлыг яаралтай эхлүүлсэн. Үүнд аймгийн хэмжээнд зам болон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүдийг татан оролцуулж байна. Харин сүүлийн хоёр хоног борооны улмаас ажил түр зогссон. Шуудууны ерөнхий чиглэлийг гаргасан байсан нь сүүлийн хоёр хоногт орсон борооны учруулж болох байсан гамшгийн хэмжээг хамаагүй бууруулж чадсан. Өмнө нь аймгийн тал хэсэгт л суваг, шуудуу татсан байсан бол одоо аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамруулахаар ажиллаж байна.

-Зарим сумдын хувьд тог тасарсан байгаа гэх мэдээлэл байна?

-Аянга буусны улмаас зарим нутагт өндөр хүчдэл рүү нь үерийн ус орохоос сэргийлж урьдчилсан байдлаар шалгаж байгаа. Мөн байрны доод хэсэг рүү ус орсонтой холбоотой зарим байрны тогийг түр салгасан. Цахилгааны шийд рүү масс үүсэхээс хамгаалж усыг шавхах ажил одоо хийгдэж байна. Аймгийн хэмжээнд байрны тог тасарсан тохиолдол нэлээн байгаа. Зарим сумдад мөн цахилгаан хязгаарлах арга хэмжээ авсан.

-Тусламж үзүүлэхээр очих үед иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ихэвчлэн гэр болон нойл нь усанд автсан байдалтай байдаг. Мөн байшингийн дээврээс нь ус гоожсон тохиолдол ч хэд хэд байна. Энд барилгын чанар бас их нөлөөлж байгаа. Иргэд өөрсдөө хувийн орон сууцаа түлхүү барьсан учир дээвэр нь их хэмжээний усыг гадагшлуулах боломжгүй байдаг. Үүнээс болж байшингийн дээрээс ус нэвчих асуудал их гарч байна.

О.ЭНХЖИН

 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x