НийгмийнСПОРТ

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Анхдагч амжилтуудын эзэн М.Анхцэцэг

“Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. Зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнө өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Л.Отгонбаатар, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаеи, олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарыг онцолсон. Токиогийн дэвжээнээс ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг. Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон, олон амжилтын эзэн тэрбээр өнөөдөр олимпод хүч сорино.

Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр ч хэцүү нь мэдээж.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 23 настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж амжив.

АМАРЖААД УДАЛГҮЙ БЭЛТГЭЛДЭЭ ЭРГЭЖ ОРООД ДЭЛХИЙН ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛСОН НЬ

Төрсний дараа амьдралын хэмнэлдээ дасах, өмнөх шигээ байхад хэчнээн хэцүү байдгийн зовлонг эмэгтэй хүн бүхэн мэднэ. Тэгвэл төрөөд гуравхан сар болоод хүндийг өргөлтийн бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэхэд ямар байх бол.

М.Анхцэцэг 2019 онд үрийн зурай үнэрлэн, төрөөд гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Улмаар найман сартай үрээ гэртээ үлдээн, дэлхийн дэвжээнд нялх биетэй хүч сориод ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэнээр нь бахархахгүй байхын аргагүй. Яах аргагүй бахдам амжилт.

Тэгэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилснийг нь тодотгоё. Түүнээс өөр тамирчин ингэж чадна гэдэг эргэлзээтэй. Тэгээд хүндийг өргөлтийн спортоор бүр ч хэцүү.

10 НАСТАЙДАА ХҮНДИЙГ ӨРГӨЛТӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

М.Анхцэцэгийн хамаатны ах С.Доржханд, Д.Ихбаяр нар нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь түүнийг туйванч болоход их нөлөөлсөн гэдэг.

Мөн Гавьяат тамирчин Н.Баярмааг Бээжингийн олимпод хүч сорихыг нь зурагтаар үзээд эл спортод анх дурлажээ. Тэрбээр Д.Ихбаяр ахынхаа бэлтгэл хийж буйг нь харж, өдөр өдрөөр татагдсаар 10 настайдаа эл спортын А үсгээ 114 дугаар сургуулийн дасгалжуулагч Цэрэннямаар заалгасан юм.

М.Анхцэцэг анхны бэлтгэл дээрээ долоон кг-ын штангны гол өргөснөө үргэлж дурсах дуртай.

АМЖИЛТЫН ТӨЛӨӨХ АНХНЫ СОРИЛТ

Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод руу шилжжээ. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэн, эмээтэйгээ хамт амьдарсан юм. Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох л байсан нь мэдээж.

13 НАСАНДАА ОУХМ БОЛСОН

М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Түүгээр ч үл барам тус тэмцээнээс спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.

ӨӨР ОРНЫ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИНТАЙ САНАЛААС ТАТГАЛЗСАН ЭХ ОРОНЧ БҮСГҮЙ

Таван жилийн өмнө М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал ирсэн юм. 

Зөвхөн БНСУ л гэхэд хэрвээ иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, “Зөвхөн Монголдоо” гээд л эх орондоо үлдсэнээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Энэ талаар түүнээс тодруулахад “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө л өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр.

Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA” гэж дуудуулах юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” хэмээн даруухан өгүүлсэн.

Харамсалтай нь гадныханд тэрбумаар үнэлэгдэж буй М.Анхцэцэг тийм шийдвэр гарган, эх орондоо үнэнч үлдээд удаагүй байхдаа залуучуудын Азийн АШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас ганцаараа оролцсон. Дараа нь мөн оюутны ДАШТ-д хүч сорин, хоёуланд нь түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Азийн АШТ-д өрсөлдөхөд зардал нь нэг хүний 3.6 сая, оюутны ДАШТ-д оролцоход 5.4 сая төгрөг аж. Тамирчин бүхэнд тохиолддог санхүүгийн асуудал М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт тулгарсан нь тэр.

М.Анхцэцэгийн анхны тодотгол бүхий бахдам амжилтууд

НЭГ: Оюутны ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч

Түрүүн дурдсанчлан 2016 онд Мехсикт болсон оюутны ДАШТ-д дасгалжуулагчгүй, ганцаараа оролцохдоо М.Анхцэцэг түрүүлсэн.

Улмаар Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд Монголын анхны оюутны дэлхийн аварга туйванч болсон юм. Харамсалтай нь тус тэмцээний үеэр гараа хүнд бэртээсэн юм.

ХОЁР: ДАШТ-ий медальт Монголын цорын ганц туйванч

М.Анхцэцэг гарныхаа бэртлийг жил гаруй эмчлүүлсэн ч 2017 онд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөхөөсөө өмнө бүрэн эдгээж амжаагүй. Улмаар тэр жил ДАШТ-д бэртэлтэй өрсөлдөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д хүрэл медаль хүртэн, анхдагч болсон. Монгол тамирчин хүндийг өргөлтийн төрлөөр ДАШТ-ээс медаль авч чадахыг тэрбээр үлгэрлэж, анхных нь жимийг гаргасан юм.

Түүнийгээ 2019 онд давтан, ДАШТ-ий хошой медальтан боллоо. ДАШТ-ий медальт түүнээс өөр монгол туйванч үгүй. Дэлхийн хошой медальтан нь мөн тэр ганцаараа.

ДАШТ-д анх оролцохдоо л шуугиулсан

М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Улмаар Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.

Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдийн ангилалд VI байрт бичигдсэн.

Харин дараа жил нь ДАШТ-д хүч сорихдоо огцом шахалтаар 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж, VIII байрт шалгарсан билээ.

Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 шахсан бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь өргөж чадаагүй ч тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон. Учир нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.

Тэрээр 2015 онд УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүний давтсан бол ДАШТ-д хол тасархай түрүүлж, УАШТ-ийх шигээ өргөсөн бол мөнгөн медаль авах байлаа.

ГУРАВ: Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

Хүндийг өргөлтийн спортоор 13 жил хичээллэж байгаа М.Анхцэцэг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 70 гаруй шинэчлээд буй. Энэ бол яах аргагүй өндөр амжилт. Тэрбээр 2019 онд ДАШТ-д өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн 81 кг-ын дээд амжилтыг гурван удаа ахиулсан юм.

ДӨРӨВ: Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч

Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд 2015 онд өрсөлдсөн. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа үнэлэгддэг тус тэмцээнд хүч үзсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.

Зүгээр ч нэг оролцох бус огцомоор 112 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль авч, мөн тус тэмцээнээс медаль авсан Монголын анхны туйванч болсон юм.

ТАВ: Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч

М.Анхцэцэг 2016 онд залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж тус тус мөнгөн медаль авсан. Ийнхүү нэг алт, хоёр мөнгөн медаль авснаар мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм.

Учир нь М.Анхцэцэгээс өмнө Монголын тамирчид тус тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан билээ.

ЗУРГАА: Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч

This image has an empty alt attribute; its file name is 13133345_1715967608676238_6411058174050921100_n1.jpg

 Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох 2016 оны Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч болсон юм.

ДОЛОО: “Рио-2016”олимпод VIII байрт шалгарав

М.Анхцэцэг “Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөн огцом шахалтаар 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан юм. Тэгсэн нь мөн л Монголын туйванчдын олимпын дэвжээнд гаргасан хамгийн өндөр амжилт. Тэрбээр олимпод анх удаа хүч сорьсон нь тэр.

Ц.Хосбаяр: Анхаа бол “Бурхны бүтээл”

Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” хэмээсэн.

М.Анхцэцэгийн гаргасан томоохон амжилтууд

ankhtsetseg

2014 он:

Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
- Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль

2015 он:

- Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он:

- Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
- Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
- Залуучуудын Азийн аварга болсон

- Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2017 он:

- Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
- Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

2019 он:

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан

- Дэлхийн цомын аварга болсон

- Дэлхийн цомоос гурван хүрэл медаль хүртсэн

2021 он:

- Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль авсан

Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд хамгийн олон анхдагч амжилтын эзэн, энэ жил Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан М.Анхцэцэг өнөөдөр өрсөлдөнө. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-02 08:53

Жинхэнэ эх орон ч гэж энэ бүсгүйг л хэлнэ.

Зочин
Зочин
2021-08-02 09:31

Амжилт Амжилт Амжилт.

Үзэгч
Үзэгч
2021-08-02 11:43

Их Монголыг маань бурхан тэнгэр ивээг энэ тамирчин бүсгүй азтай одтой, хийморьтой, бас хүч чад�##�тай байж санасандаа хзрч сарвайснаа авах болтугай. Амжилт бас дахин амжилт.

Зочин
Зочин
2021-08-02 12:03

Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button