ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний /$10,7 тэрбум/ татвар төлнө

Өмнөд Солонгосын “Самсунг” /Samsung/ корпорацийн Дэд ерөнхийлөгч И Жэ Ён шоронгоос хугацаанаасаа өмнө суллагдсантай холбоотойгоор “Самсунг” корпорацийн авлигын хэргийн талаархи мэдээг эргэн сануулъя.

“Самсунг” корпорацийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлөхөөр болсон. Татварын хэмжээ нь – 10,7 тэрбум америк доллар.

“Самсунг” корпорацийг үүсгэн байгуулагч И Бён Чолийн гурав дахь хүү болох И Гон Хи нь 1987 онд корпорацийн тэргүүнээр сонгогдсон. Ингээд корпорациа Өмнөд Солонгосын төдийгүй Дэлхийн хэмжээний тэргүүлэх томоохон компани болгон хөгжүүлж чадсан билээ.

“Форбс” сэтгүүлийн тооцоолсноор тэдний гэр бүл 12,6 тэрбум америк долларын цэвэр орлоготой бөгөөд Дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг.

И Гон Хи нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан. Сүүлийн хэдэн жилийн турш “Самсунг” корпорацийн албан ёсны тэргүүнээр ажиллаж байсан ч үнэн хэрэгтээ “Самсунг”-ийг түүний хүү И Жэ Ён /53 настай удирдсаар ирсэн юм. Мөн И Бу Жин, И Сон Хён гэсэн хоёр охинтой.  

И Гон Хи нь өвчний улмаас 2020 оны аравдугаар сарын 25-нд 78 насандаа нас нөгчсөн бөгөөд 25 их наяд вон буюу ойролцоогоор 22,5 тэрбум америк долларын өвийг үлдээсэн аж. “Самсунг” корпорацийн өв залгамжлагчид ийнхүү өвлөн авсан хувьцаагаа хэрхэн хувиарлах талаараа ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

 “Ёнхап” агентлагийн мэдээлснээр И Гон Хигийн өв залгамжлагчид /эхнэр Хон Ха Ри, хүү И Жэ Ён, хоёр охин И Бу Жин, И Сон Хён/ эцгийнхээ үлдээсэн хөрөнгөний дийлэнхи хувийг ийнхүү татварт өгөхөөр болоод байна.   

И Гон Хи нь амьд сэрүүн байхдаа “Samsung Electronics Co” тэргүүлэх компанийн 4,18 хувь, түүнчлэн тэдний давуу эрхтэй хувьцааны 0,08 хувийг эзэмшдэг байв. Түүнчлэн, “Samsung Life Insurance Co” компанийн 29,76 хувь, “Samsung C&T Corp” компанийн 2,88 хувь, “Samsung SDS Co” компанийн 0,01 хувийг тус тус эзэмшиж байжээ.

Ийнхүү өв залгамжлагчид 10,7 тэрбум америк долларын татвар төлөхөөр болсон нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их хэмжээний татвар болж байгаагаараа олны анхаарлыг татаж байгаа юм.

Их хэмжээний татвар улсдаа төлөх ёстой болсон ч гэлээ өв тэдний гэр бүлийнхэн коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд болон хүүхдийн ховор өвчнийг судлах ажилд дэмжлэг болгон 900 сая америк доллар, ойролцоогоор 2 их наяд вон буюу 1,8 тэрбум америк доллараар үнэлэгдэх 23 мянга орчим урлагийн бүтээлийг хандивлахаа мэдэгдлээ. 

Өмнөд Солонгост улсад төлөх их хэмжээний татварыг хэдэн жилийн турш төлж болдог журам үйлчилдэг бөгөөд И Гон Хигийн гэр бүлийнхэн ч энэ удаад өв залгамжлалд ногдуулсан татварыг хэсэгчлэн төлөх хүсэлтээ гаргажээ. Төлөх татварын зургааны нэгийг энэ дөрөвдүгээр сарын эцсээр, харин үлдэгдлийг ирэх таван жилийн хугацаанд төлөх юм байна.

Өмнө нь “LG Group”-ийн Ерөнхийлөгч Ку Бон Мүг 2018 онд нас нөгчихөд түүний өв залгамжлагчид мөн л таван жилийн хугацаанд татвараа төлөхөөр болж байсан удаатай.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button