ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНСУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийн шарил 78 жилийн дараа эх орондоо ирлээ

Казахстаны Засгийн газраас хүлээлгэн өгсөн Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, домогт генерал, Японы эсрэг ард түмний цэргийн удирдагч Хон Бом Догийн шарилыг наймдугаар 15-нд Өмнөд Солонгост хүрэлцэн ирэв. Энэ тухай эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ёнхап” /Yonhap News/ мэдээлэв.

Түүхийг эргэн сануулахад, шарилыг эх оронд нь шилжүүлэх гэрээг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2019 оны дөрөвдүгээр сард Казахстан Улсад албан ёсы айлчлал хийх үеэрээ байгуулсан байдаг.

Домогт дайчны шарилыг шилжүүлэн хүлээлгэн өгөх ажлыг ноднин жил Казахстан Улсын Төрийн тэргүүн Сөүлд хийсэн айлчлалын хүрээнд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан ч коронавируст цар тахлын улмаас айлчлалаа түр хойшлуулсан.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Тэргүүн хатагтай Ким Жон Сук нар Соннамын Нисэх Хүчний Баазад гашуудлын ёслолд оролцсон гэх мэдээлэл байна.

Генерал, цэргийн удирдагч Хон Бом Догийн шарилыг оршоох ёслол өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд Тэжоны үндэсний оршуулгын газарт болж өндөрлөв.

Хон Бом До (1868-1943) бол Солонгост анх удаа партизан отрядыг зохион байгуулж, ард түмнээ Японы түрэмгийлэгчдийн эсрэг уриалан босгож, тууштай тэмцэж байсан зоригт дайчин. Тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан юм. Тэрбээр Тусгаар Тогтнолын Арми байгуулахад биечлэн оролцож байсан ба түүнийг нас нөгчсөний дараа БНСУ-ын Засгийн газраас “Улсын бүтээн байгуулалтын гавъяа”-ны одонгоор нөхөн шагнасан. Хон Бом До нь 1943 оны аравдугаар сард Казакстаны Кызылорда хотод насан эцэслэсэн ба тэнд нь оршоосон байсан юм. Ингээд түүний шарилыг 78 жилийн дараа нутаг нь авчирсан нь энэ юм. Эх нутагтаа тайван нойрс доо.

(Эх сурвалж: regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button