ДЭЛХИЙНийгмийн

Австрали: Иргэд хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагсав

Австрали улсад коронавируст цар тахлын халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тэгвэл, энэ шийдвэрийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал тус улсын томоохон хотуудад өрнөлөө.

Эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар тараах гэж оролдсон бөгөөд тэд олон зуун хүнийг баривчилсан, мөн хорио цээрийн дэглэмийг зөрчсөний улмаас хэдэн зуун хүнийг торгожээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.  

Цагдаа нар 250 гаруй хүнийг баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна. Иргэд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, хамгийн багадаа 7 цагдаа бэртэж гэмтэн, шархаджээ.

МЕЛЬБУРН ХОТОД

Мельбурн хот жагсагчид болон цагдаа нарын хоорондох сөргөлдөөний гол төв болсон байна. Виктория мужийн нийслэлд 5 мянга орчим хүн цугларсан ба тэд гудамж талбайг хаасан цагдаагийн хамгаалалтын шугамыг сэтлэн, 7 цагдаа руу дайран хүчтэй зодож нүдэн гэмтээсэн хэрэг гарлаа. Хууль сахиулагчид жагсагчид руу эхэндээ чинжүүт хий, бороохой ашиглан хариу үзүүлсэн аж. Гэсэн ч, цагдаагийнхны өшөө авалт үүгээр дууссангүй. Тэд 236 хүнд 5,452 австрали долларын торгууль ногдуулжээ. Энэ нь ойролцоогоор 4 мянган америк доллартай тэнцэх аж. Мөн, 3 иргэнийг баривчлан саатуулжээ.

СИДНЕЙ ХОТОД

Шинэ Өмнөд Уэльсэд цагдаа нар хоёр сарын турш хатуу хорио цээрийн дэглэмийг сахиулсан. Сидней хот нь Австрали даяар коронавирусийн халдвар тархсан эх үүсвэр буюу голомт гэгдэж байгаа юм.

Сиднейн оршин суугчид ч нэг дор цугларч, шинээр тогтоосон хөл хориог эсэргүүцэх жагсаал зохион байгуулах гэж оролдсон ч цагдаа хүчнийхэн тэднийг гудамж талбайд ирмэгц шууд баривчилж эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр хот хоорондын автобусаар ирсэн зорчигчдыг хүртэл баривчилсан аж. Тиймээс, цагдаагийн алба хаагч бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй, харин 260 иргэнийг торгосон байна. Тус мужид торгуулийн хамгийн бага хэмжээ доод тал нь 3000 доллар байдаг. Нийтийн хэв журмыг зөрчсөн гэх үндэслэлээр 47 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

БРИСБЕН ХОТОД

Брисбен хотод хөл хорионы тусгаарлах дэглэм тогтоогоогүй тул тэндэхийн оршин суугчид тайван жагсаал зохион байгуулж, бусад хотын оршин суугчидтай эв санаа нэгтэй, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тайван ажиглан өнгөрсөн аж.

ХАЛДВАРЫН ӨСӨЛТ

Австралийн эрх баригчид коронавирусийн халдварын тархалтыг Дэлхийн бусад орны Засгийн газраас илүү сайн барьж чадсан гэгдэж байгаа юм. Дэлхийн ямар ч “баян чинээлэг” орны хувьд 25 сая хүн амд 43,119 халдварын тохиолдол бүртгэгдэнэ гэдэг бол “инээдтэй тоо” санагдах байх. ОХУ-д хэдэн долоо хоногийн турш өдөр тутмын тохиолдлын тоо 20 мянгаас давж байсан. Харин Австрали тивийн хувьд наймдугаар сарын 13-наас эхлэн коронавирусийн халдварын тоо нэмэгдэж эхэлсэн. Эхэн үед 400 гаруй хүнээс коронавирусийн халдвар илэрч, наймдугаар сарын 20-нд нийт 891 тохиолдол бүртгэгдсэн юм.

Энэ нь бага тоо боловч вакцинжуулалтын кампанит ажил амжилтгүй болох шалтгаан болсон байх магадлалтай. Наймдугаар сард Энэтхэг мутаци илрэхээс өмнө Австраличуудын дөнгөж 5 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байсан. Хоёр долоо хоногийн дотор хүн амын 30 хувь нь вакцин хийлгэсэн ч халдварын тархалтыг зогсоож чадаагүй юм. Тиймээс эрх баригчид маш хатуу хорио цээрийн дэглэмд шилжих шийдвэр гаргасан. Шинэ хөл хорионы дэглэмээр зөвхөн хоол хүнс авахаар дэлгүүр орох, ажил, сургууль мөн спорт заалнаас өөр газарт зорчихыг хориглосон. Түүнчлэн, оройн 21 цагаас өглөөний 09 цаг хүртэл гадуур зорчихгүй байх цагийн хязгаарлалт тогтоосон юм.

(Эх сурвалж: news.rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button