ОРОН НУТАГЯРИЛЦЛАГА

29 жилийн дараа аавынхаа амжилтыг давтаж математикийн ЭЕШ-д 800 оноо авсан Э.Зулбилэгтэй ярилцлаа

Элсэлтийн ерөнхий шалгалтад Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар сургуулийн сурагч Э.Зулбилэг Математикийн шалгалтад 800 оноо авчээ. Харин түүний аав Д.Эрдэнээ 1992 оны ЭЕШ-д нэгээр цойлж байсан түүх давтагдсан аж. Иймд бид математикийн ухаанаар үе үедээ тэргүүлсэн аав хүү хоёрын яриаг хүргэж байна.

Э.Зулбилэг өнгөрсөн намар сагсан бөмбөгийн улсын аваргын тэмцээнд сарын хугацаагаар явж, оролцсон бөгөөд ирэхэд нь шинэ хичээл үзсэн байв. Хоцрогдлоо арилгаж багшаасаа давтлага аваад, шалгалтдаа бэлдэж эхэлжээ. Түүний хувьд уйгагүй өглөөний зургаан цагт босоод бодлогоо боддог байгаагүй ч хааяа нэг тоогоо бодохдоо шалгалтдаа бэлдэж байна хэмээн боддог аж. ЭЕШ-аа нийгмийн ухаан, англи хэл, математикаар өгөхөөр сонгосон бөгөөд хамгийн сүүлд өгсөн хичээл нь математик байжээ. Э.Зулбилэг хэлэхдээ, “Ийм том шалгалтад орохдоо сэтгэл зүйгээ бэлдэх нь их чухал юм билээ. Учир нь нөгөө хоёр хичээлдээ санасан шигээ оноог авч чадаагүй учраас Математикийн шалгалтад орохдоо сэтгэл зүйгээ их бэлдсэн” гэлээ.

Түүний аав Д.Эрдэнээ хэлэхдээ, “Шалгалт руу нь хүргэж өгөх замд хүү маань машин дотор дуу тавьж чангалаад, бүжиглэж эхэлсэн. Би бодохдоо “Үзүүлээд өгнө өө гэсэн сэтгэл зүйтэй орохоор бэлдэж байна даа” гэж бодсон юм. Тэгээд шалгалтын байрных нь гадаа ирээд аав нь 1992 онд элсэлтийн шалгалтдаа нэгээр гарсан түүхээ ярьж өгсөн. Дараа нь “Заа, амжилт” гэж гараа савж, сагсчид шиг цохиж, тэврээд оруулсан” гэв.

Э.Зулбилэгийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургуульд сурах сонирхолтой бөгөөд шалгалтад орохынхоо өмнө сэтгэл зүйгээ сандрахгүй, тайван байх чухал гэдгийг ойлгосон гэнэ. Тиймээс нэг хоногийн өмнөөс өөрийгөө тайвшруулж, гадуур ганцаараа алхаад, ангидаа очиж жаахан сууж өнгөрүүлсэн байна. Тэр үеэр “Дахиад ангидаа ирэхгүй, хичээлдээ суухгүй гэхээр нэг л хорогдоод, Математикийн Б.Баяраа багшаас маань эхлээд чадварлаг, зөв үзэлтэй багш нарыг урилгаар авчран багшлуулж, сурагчдаа гэдэг байсан сургуулийнхаа захиргаандаа баярлаж суусан” гэдгээ хэлсэн юм.

“ЧАДАХААРАА Л ХИЙЧИХ, ААВ НЬ ХУВИЙН СУРГУУЛЬД Ч ХАМААГҮЙ ОРУУЛААД ӨГНӨ” ГЭЖ ХЭЛЭХЭД АЙДАС “ҮРГЭЧИХСЭН

Аав намайг шалгалтын байр руу хүргэж өгсөн. Намайг танхим руу орохоос өмнө “Миний хүү чадахаараа л хийчих, аав нь хувийн сургуульд ч хамаагүй оруулаад өгч чадна аа” гэж хэлэхэд “Би чадах болов уу” гэх бодол бүгд “үргэчихсэн”. Аавын маань “Чадахаараа л хийчих” гэдэг үг бодогдоод бие хөнгөрөөд их сайхан байсан. Шалгалтын байр руу ирэх замд “Надад итгэл хүлээлгэсэн багш, аав хоёрыгоо сайн хийгээд баярлуулчих юм сан” гэх бодол зүүгдээстэй байсан юм. Шалгалтаас цагийн дараа дүн гарч 800 оноо авснаа мэдээд, тэднийгээ баярлуулж чадсан.

Аав Д.Эрдэнээгийн хамт

Харин 29 жилийн өмнө түүний аав Д.Эрдэнээ 10 жилээ төгсөхдөө хүүгийнхээ адил математикийн хичээлээр нэгээр цойлж байсан удаатай. Тэрбээр амархан байх тусам л нягталж боддог. 29 жилийн өмнө хоёр цаг 10 минутын турш шалгалт үргэлжлэхэд эхний 40 минутад бодлогоо бодчихсон. Үлдсэн нэг цаг 30 минутад бодлого тус бүрт нь 3-4 удаа нягталж суусан юм. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ. Энэ аргаа хүүдээ сургаж, хялбар байх тусам нь 3-4 удаа сайн нягтлаарай гэж захисан.

ХҮҮГЭЭ 800 ОНОО АВСНЫГ ХАРААД УЙЛЧИХСАН

“Ааваа би чадна аа” гэж хэлээд орсон хүүгээ 800 оноо авсныг хараад сэтгэл амарч, зүгээр л уйлчихсан. Миний хүү аавдаа амласан амлалтаа биелүүлж чадлаа, үнэхээр бахархдаг юм байна. Хүүгийн маань өвөө намайг бага байхад гентэй хүний үр шүү гэж хэлдэг байсан. Энэ үг хүүг маань шалгалтаас өндөр оноо авсны дараа бодогдож “Нээрээ л математикийн ухааныг ойлгоход ген нөлөөлдөг юм байна” гэж бодсон.

Математикийн багш Б.Баяраагийн хамт

Э.Зулбилэг багшийнхаа тухайд, “Намайг зургадугаар анги байхад сургуулийн захиргааны урилгаар ирээд багшилж эхэлсэн. Багш 800 оноо аваарай гэж надад тулгаагүй. Гэхдээ, хоёулаа өөр оноо авах зорилготой шүү гэж хэлсэн. Сандрахгүй тайван хийгээрэй гэж захисан юм. Хүмүүс итгэл хүлээлгэхээр улам л хичээмээр санагддаг юм билээ. Шалгалтын дараа “Мундаг байна” гэх үгийг их сонссон. Энэ үгэнд урам авахаас гадна алдаа гаргаж болохгүй юм шиг санагдаад, улам их зорилго тэмүүлэлтэй болж байгаа. Энэ хүртэл намайг хөтөлж, зааж сургасан багшдаа их баярладаг юм. Би багшийнхаа гарын шавь учраас тооны ухаантай холбоотой амжилт бүхэн багшийн маань ач гэж боддог. Багшаас гадна өвөө, эмээ, аав гээд миний гэр бүл надад гэртээ очоод хичээлээ хийхэд тухтай орчноор хангаж, гэрийн ажлаас чөлөөлж, төвлөрөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж намайг хайрладаг юм.


БИ ТООНЫ УХААНД САЙН ХҮҮХЭД БАЙГААГҮЙ

Анх Б.Баяраа багш манай сургууль ирээд математикийн гүнзгий ангийн сурагчдыг бүрдүүлсэн. Шалгалтад нь би хоёр ч удаа тэнцээгүй. Гурав дахь удаад маш их бэлдэж байж орсон юм. Яг тэндээс л би математикт дурлаж эхэлсэн. Учир нь “Яагаад миний бодсон бодлогын хариу буруу байгаа юм бол” гэдэг асуултаас үүдэлтэй. Тэр асуулт бодлогын хариуг гаргаж, учрыг тайлдаг болоход хөтөлсөн.

Хичээлдээ сайжирч чадсанаа өөрийнхөө сониуч зантай холбоотой гэж боддог. Тэр үед бодлого миний сонирхлыг их л татаж байсан юм. Сониуч байхаас гадна хөдөлмөрч, тууштай байдал чухал. Өөрөө санаачлаад боддог байх хэрэгтэй.


Тэрбээр ярианыхаа төгсгөлд, “Ер нь бүх л зүйлд нэг алхмын урд явъя гэж бодож байгаа бол яагаад гэдэг асуултаас гадна тууштай, хөдөлмөрч байх хэрэгтэйг тоо бодсоноор ойлгосон” гэж хэлсэн бол түүний аав Д.Эрдэнээ “Цаашид хүүгээ бусдад тустай, эх оронч сэтгэлтэй, зөв замаар зөв амьдарч, тууштай, олон дундаа байгаасай гэж боддог” тухайгаа хэлж байлаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Ш####г####т руу нь хүргэж өгөх замд хүү маань машин дотор дуу тавьж чанг####аад, бүжиглэж эхэлсэн. Би бодохдоо “Үзүүлээд өгнө өө гэсэн сэтгэл зүйтэй орохоор бэлдэж байна даа гэж бодсон гэнээ хөөрхөн юм бэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button