УЛС ТӨР

Б.Галаарид: 1921 оноос хойш Монгол дахь олон шашны төлөөлөл нэг дор цугларч, мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын төлөөлөл нэгдэн, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна.

Энэ талаар судлаач Б.Галаарид хэлэхдээ, “Би өнөөдрийн арга хэмжээнд Монголын тэнгэр үзэлтнүүдийн төлөөлөл болсон залуучуудтай хамт оролцлоо. Монголчуудын язгуур соёл бол байгалиа хайрлах. Үүнийг өнөөдөр сэргээлээ. 1921 онд нэг удаа Монголд байгаа олон шашны төлөөлөл хамтдаа зургаа авахуулсан байдаг. Өнөөдөр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд олон шашны төлөөлөл нэг дор нэгдэж, хамтдаа мод тарьсан нь их сайхан үйл явдал боллоо гэж харж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжээсэй, манай улс “Ногоон Монгол” болоосой, говь, хангайн бүсэд ойн төгөл ургаасай, үүний төлөө хүн бүр хичээн зүтгээсэй гэж хүсэж, уриалж байна” гэлээ.

"Зүүн Хүрээ Дашчойлин" хийдийн хамба лам Ч.Дамбажав, “Энэ бол цаг үеэ олсон маш сайхан санаачилга гэж сүсэгтэн олон, шашинтан бид үзэж байна. Сүүлийн үед мод тарих ажил суларч байсныг сэргээж, улам эрчимжүүллээ” гэв.

Мөн Монголын Мусульман шашны холбооны тэргүүн Х.Баатарбек: “Манай шашинд мод тарихыг маш сайн буян гэж үздэг. Ертөнцийн төгсгөл болж байсан ч хэрвээ та мод тарьж байгаа бол тариад дуусга гэж үг бий. Ийм том арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button