ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Squid Game”: “Там” шиг бодит байдлын аймшигт дүр төрхөөс зугтах арга биш...

Хайр сэтгэлийн гурвалжин дөрвөлжин хэлхээ холбоо, өшөө авалт, цус асгарсан аймшгийн кино, сэтгэцийн өвчтэй цуврал алуурчны бодит болон зохиомол үйл явдлаас авахуулаад асар том түүхэн туульсийг ч өгүүлэх хэзээ ч дуусахгүй мэт Өмнөд Солонгосын олон ангит кинонууд дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар.  

Телевизийн олон ангит кинонд донтогчдын хувьд одоо “Squid Game” буюу монгол нэршил нь “Өгөөшт тоглоом” гэх солонгос тоглоомд автаж эхлэв. Амьд үлдэхийн төлөөх жинхэнэ тулаант тоглоомонд донтох болов.

“Squid Game” гэх “Netflix”-ийн шинэ төсөл нь бидэнд “Hunger Game” /Өлсгөлөн тоглоом/, “Maze Runner” /Оньсоор гүйгч/ гэх алдартай бүтээлүүдийг сануулсан ч бодит байдал дээрээ аль 2000 онд гарсан Японы “Battle Royale” /Хаадын тулаан/ киноны хувилбартай тун ч төстэй. Ямартай ч “Squid Game”-ийн хувьд удаан хүлээсэн төсөлд тооцогдож, аль хэдийн танил болсон төрөл жанрыг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт чиглэсэн.  

Киноны үйл явдал нийгмийн янз бүрийн давхаргын 456 хүнийг ямар царай зүстэй, хэн гэдэг нь ч үл мэдэгдэх багтай хүмүүс нэгэн тоглоомонд татан оруулдаг тухай өгүүлнэ. Тоглоомын гол шагнал нь “гайхалтай” 40 сая доллар. Оролцогчдын хэн нь ч ямар хүнд хэцүү сорилтуудыг даван туулах ёстойгоо эхэндээ ойлгодоггүй. Гэвч тэд маш хурдан ойлгодох болно–анхны үхлийг харсныхаа дараа.

Ингээд оролцогчдын сэтгэлийн түгшүүр, цөхрөл гутрал тэднийг тоглоомын талаарх төсөөллөө эргэн харахад хүргэдэг. Ингэснээр хүн бүрийг эрс тэс шийдвэр гаргаж, амьд үлдэхийн төлөөх тэмцэл рүү түлхэн оруулдаг.  

Баг зүүсэн, нууцлаг, ямар ч сэтгэлгүй хөлдүү хянагч нар тоглогч тус бүрийг зөвхөн нэг шалгуураар сонгон шалгаруулдаг. Тэдний хувьд мөнгөн шагнал авах боломж бол тэдний амь наснаас ч илүү үнэ цэнэ.

Гэвч аз болоход цувралын зохиогчид цөхрөнгөө барсан байдалд бүрэн автахгүй байхаар шийдсэн нь сайшаалтай.

Нэгдүгээрт, “Squid Game”-ийн баатрууд нь төрөл жанраасаа ялгаатай нь тэдэнд хүсэл эрмэлзэл зүрх зоригийн эрх чөлөө байгаа явдал.

Хоёрдугаарт, сонголт болгон бусдаас татгалзсан хариу үйлдэл авсан ч гэлээ ямар нэг зүйлээр зөвтгөгддөг. Мэдээж, “өгөөшт тоглоом” харгис хэрцгий ч гэлээ бүрмөсөн авралгүй “увайгүй” бол биш нь гайхалтай. Оролцогчид заримдаа харгис хэрцгий шийдвэр гаргадаг ч заримдаа хэн нэгэн нь бусдад тусламжийн гараа сунгана. Заримдаа өгүүлэмж нь тоглоомын хязгаараас давна. Гэвч хайраар дүүрэн гэр бүлээр хүрээлэгдсэн байх ба дараа нь тэдний гаргасан шийдвэрийн талаархи бидний үзэл бодол өөрчлөгддөг. Энэ бүхэн нь киног улам амттай болгож, улам л донтуулна.

Америкийн кинонуудыг үзэхэд дараагийн үйл явдлыг нь тааж болдог. Гэтэл “Squid Game” бол үзэгчдэд хүлээлт үүсгэсэн, дүрүүд дараа нь чухам ямар шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байх жишээтэй. Тиймээс л үзэгчдийн дунд хүлээлт үүсгэн, тэсгэл алдуулна.

Дүгнэж хэлэхэд, “Netflix”-ийн шинэ цуврал нь хүн төрөлхтөн шунал тачаал, аминч үзлийнхээ улмаас устаж үгүй ​​болох гэж буй түүх огт биш гэдгийг хэлэх гэсэн болов уу. Энэ бол цөхрөнгөө барсан хүмүүс цөхрөнгөө барсан үйлдлүүд рүү явж, харин систем буюу эрх мэдэлтнүүд ашиг хонжоо олохын тулд тэдний сул дорой байдлыг нь “овжин” ашиглан, олон түмнийг бусармаг аргаар хуурч мэхлэн, өөрсдийн хүч чадал, ялагдашгүй байдлаа харуулдаг бодит байдал гэлтэй.

Тэгээд бидэнд зүгээр л “play” /тоглуулах/ товчлуур дээр дарж, хүмүүсийг цөхөрсөн байдал руу түлхдэг, үргэлж гарах гарц байгаа мэт дүр эсгэсэн ертөнцөд аз жаргалтай төгсгөл гэж ер нь байдаг эсэхийг л олж мэдэхийг хичээх хэрэг гарна.  

Эрх мэдлийн тэгш бус хуваарилалттай энэ цөвүүн нийгэмд шударга ёс гэж байдаг болов уу гэж асуумаар. “Squid Game” цуврал бол бидний эргэн тойронд болж буй “там” шиг бодит байдлын аймшигт дүр төрхөөс зугтах арга биш, харин түүнийг хөндлөнгөөс харж, ойлгох арга зам юм.

(Эх сурвалж: lostfilm)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button