НИЙГЭМ

Хийн хоолойн төслийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдлаа

ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Энэ үеэр “Газпром” НХН-ийн Газрын нэгдүгээр орлогч дарга Никитин Василий Геннадьевич тэргүүтэй төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан (2021.10.21)-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ажлыг улам нягтруулахад үр дүнтэй айлчлал болж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан онцлон илэрхийлэв. БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хийж, төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг талууд онцлон тэмдэглэв. Өнгөрсөн 03 дугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлж байлаа.

Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button