Нийгмийн

У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчдыг бурхны илч, авралын гар гэж боддог

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслөөр нийлүүлэгдсэн Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэргийг танилцууллаа.

Төслийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдээд байгаа юм.

Мөн нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Эдгээр нисдэг тэрэгний хувьд одоо манай улсад ашиглагдаж байгаа том оврын нисдэг тэрэгнээс 8 дахин хямд зардалтай байх бөгөөд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний дараа ОБЕГ, түүний харьяа анги байгууллагуудын удирдлага, алба хаагчидтай уулзалт хийж үг хэллээ.

Тэрээр, хэлсэн үгэндээ, “Миний бие Онцгой байдлын албаар маш их бахархдаг. Онцгой байдлын албаны суурийг тавилцаж, 2004 онд анх Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдон Шадар сайдын хувиар гурвантаа удирдан ажиллах завшаан тохиолдож байлаа. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг би бурхны илч, авралын гар гэж боддог. Түүхийн энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад тус салбарыг хариуцан ажиллаж байсан үе, үеийн Засгийн газар, сайд, дарга нар анхааран ажиллаж ирсэн.

Ард иргэд ч Онцгой байдлын байгууллагыг улс эх орны аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь насыг авран хамгаалах амаргүй бөгөөд хүндтэй үүргийг хүлээдэг чухал алба болохыг мэдэрч ойлгодог гэж боддог.

Коронавируст цар тахлын үед Онцгой байдлын байгууллагын алба хаагчид маань цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг авах, өвчний тархалтыг бууруулахад тэргүүн эгнээнд ажиллаж байна.

Хэдхэн хоногийн өмнө 36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай татаж гаргалаа. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсныг цохон тэмдэглэх байна. Цаашид ч далайд живсэн автомашин, техникүүдийг шат дараалан татан гаргаж, байгаль эхээ хамгаалах үйлсэд Онцгой байдлын байгууллага тэргүүлэн ажиллана” гэж онцоллоо.

Мөн “Ерөнхийлөгчийн хувьд байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Онцгой байдлын байгууллага энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна” гэлээ.   

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байна. Гэхдээ орчин үеийн техник хэрэгслээр хангагдаж, алба хаагчдын олон улсад ажиллах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж бэлтгэх, анги салбарыг шинээр байгуулж, албыг бэхжүүлэхэд төр засгаас анхаарч ажиллахыг хүсч байна.   Ган зуд, үер, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн тоо, давтамж улам ойртож, аюул нэмэгдэж байна. Ялангуяа газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн найдвартай байдлыг хангах ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Цаашид, тус салбарт олон улсын төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх,  олон улсын гамшгийн шуурхай удирдлагын төв байгуулах, аврах ажиллагааны хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд, Засгийн газрын тэргүүний хувьд ч анхаарч ажиллах болно” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button