УЛС ТӨР

Н.Ганибал: ОНХС-ийн хөтөлбөрийг тэгшитгэсэн байдлаар хуваарилах нь буруу

УИХ-ын өнөөдөр /2021.12.03/-ийн нэгдсэн чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өрнөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал уг хуулийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн хамт Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хуваарилалт шударга бус байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэрээр хэлэхдээ:

Нэгжийн тухай хуулийг хэлэлцэх үед хэд хэдэн асуудал байсан юм. Бидний хэлсэн зарим саналыг тусгаж, өөрчилж байгаад баяртай байна. Гэхдээ зайлшгүй хөндөх хэд хэдэн асуудал үлдчихлээ. Тухайлбал, орон нутгийн санхүүгийн эрх мэдэл, бие даах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тухайн үед хууль өргөн барьсан хүмүүс хэлж байсан. Гэвч төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг эргээд харахад, орон нутгийн төсөв нэмэгдээд, чадвар нь дээшилсэн юм огт харагдсангүй. ОНХС, түүнийг дагасан хуваарилалт бүр эсрэгээрээ өөрчлөгдсөн асуудал гарсан.

Орон нутгийн сангийн гол эх үүсвэр нь Ашигт малтмал болон газрын тосны нөөц ашигласны төлбөр байдаг. Энэ мөнгийг тэгшитгэсэн байдлаар хуваарилаад явж байна. Өрсөлдөх чадвар гэвэл уул уурхай ашиглаад, түүнээс олох орлогыг тухайн орон нутгийн хөгжилд түлхүү зарцуулж, бусад аялал жуулчлал болон үйлдвэрлэл хөгжүүлж байгаа орон нутгууд тухайн чиглэлээрээ хоорондоо өрсөлдөх ёстой. Гэтэл уул уурхайгаас орж ирж буй орлогыг бүх аймагт тэгшитгэн хуваарилж байгаа нь маш буруу.

Хоёрдугаарт, дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргадаа хариуцлага тооцно гэсэн бүрхэг өгүүлбэр нэгжийн тухай хуульд орчихсон. Уг нь Иргэдийн хурал нь Засгийн газраа сонгодог. Засгийн газар, түүний гишүүд нь Засаг дарга нартай гэрээ байгуулж, түүнийгээ дүгнэх зохицуулалтууд хуульд байдаг. Гэтэл дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргадаа ямар нэг үүрэг даалгавар биелүүлээгүй бол хариуцлага тооцно гэсэн заалт нэгжийн хуульд оруулчихсан. Аливаа асуудлыг төгс төгөлдөр шийдвэрлэхийн оронд өгүүлбэр төдий, бүрхэг байдлаар тусгах нь маш хортой гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button