НийгмийнСПОРТ

“Гиннесийн ном”-д амжилтаа мөнхөлсөн монгол охин

Энгэрээрээ дүүрэн медальтай, алтан цом өргөсөн түүнийг Энхтуяагийн Лхагвадулам гэдэг.  Олон улсын их мастер цолтой, өсвөрийн дэлхийн аварга, “Ажнай” корпорац, Монголын оюун ухааны академийн тамирчин тэрбээр энэ жил 16 настай. Ой тогтоолтын спортоор гуравхан жил хичээллэж буй Э.Лхагвадуламын амжилтыг азичууд төдийгүй дэлхий даяар шагшиж байна.

Хоёрхон жил хичээллээд дэлхийн аварга болсон

Дархан-Уул аймгийн харьяат Э.Лхагвадулам ээжийнхээ зөвлөснөөр 13 насандаа ой тогтоолтын спортоор хичээллэсэн. Эл спортод хөл тавьснаасаа хойш жил гаруйн дараа УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ. Тэр жилээ өсвөр үеийн ДАШТ-д анх оролцохдоо Нэг цагийн олон багц төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Өнгөрсөн жил ДАШТ-д хоёр дахиа оюунаа сорихдоо өмнөх амжилтаа ахиулан, дэлхийн аварга болжээ. Ихэнх орны тамирчид бэлтгэлээ өдөрт дунджаар 12 цаг хийдэг. Гэтэл Монголын тамирчид санхүүгийн хүндрэлийн улмаас тэгж чаддаггүй. Э.Лхагвадулам ч мөн адил. Тиймээс тэмцээний өмнө сар гаруйн хугацаанд базаагаад л оролцдог юм билээ.

Гиннесийн дээд амжилтын эзэн

“Гиннесийн ном”-д бичигдэнэ гэдэг монголчуудын хувьд хүрч гарамгүй оргил, мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Тэгвэл 16 настай Э.Лхагвадулам энэ жил ДАШТ-ээс есөн медаль (дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл) хүртэхдээ Хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар 30 минутад 5597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтыг нь “Гиннесийн ном”-д бичих болсноор бахархахгүй байх аргагүй. Э.Лхагвадулам тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр 30 минутад 6000 гаруй цифр цээжлэн, алдалгүй санаж байсан гэнэ. Түүнийгээ ахиулахгүй юм гэхэд давтахад л дэлхийн дээд амжилтын эзэн болох боломжтой байсан юм. Тиймээс бүх зүйл түүнээс л шалтгаалсан. Э.Лхагвуламын шинэчилсэн дэлхийн дээд амжилтыг өмнө нь олон улсын их мастер Н.Энхшүр (5445) эзэмшиж байсан. Түүний амжилтыг 152 цифрээр ахиулсан юм.

Гиннесийн дээд амжилтын эзэн болсон тухай нь дурсахад “Хоёртын тооллын төрөлд өрсөлдсөн даруйдаа амжилт гаргаснаа мэдээгүй. Орой нь монгол тамирчидтайгаа хамт амарч байхад тэмцээний дүн гарсан юм. Хятадын нэг тамирчин надтай цахим хуудсаар холбогдон зургийг минь илгээснээ “Баяр хүргэе” гэсэн. Тэр зургийн тайлбарт “Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ” гэсэн байсан. Бөөн баяр бололгүй яах вэ. Маргааш нь Олон улсын ой тогтоолтын холбооноос намайг дэлхийн дээд амжилт шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсныг хэлсэн. 16 настай тамирчин насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтын эзэн боллоо гээд тэд их олзуурхан, онцоллоо. Тэмцээний дүнгийн талаар ээж надаас өмнө сонссон байсан. ДАШТ-ий албан ёсны сайтаас мэдээлэл авсан гэнэ лээ. Баярт мэдээгээ ээжид хэлэхэд аль хэдийн мэдчихсэн “Баяр хүргэе. Охиноороо бахархаж байна гэсэн" хэмээлээ.

Түүнээс өмнө ихэр охин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын шинэчилсэн дэлхийн дээд амжилтыг "Гиннесийн ном"-д мөнхөлсөн юм.

Э.Лхагвадулам энэ жил ДАШТ-д гаргасан амжилтаараа бүх тамирчнаас тавдугаарт бичигдсэн. Тэгэхээр зөвхөн өсвөр үеийн ангилалдаа бус насанд хүрэгчидтэй эн тэнцүү өрсөлдөж, дэлхийд эхний тавдугаарт орсон гэсэн үг.

Түүний дэлхийн дээд амжилтыг нь эзэмшиж буй Хоёртын тооллын төрөл ийм дүрэмтэй. Цээжлэх тоонууд зөвхөн тэг, нэг гэсэн хоёр цифрээс бүтнэ. Тэгэхдээ 001, 10, 111 мэт өөр, эсвэл 11, 11 гээд давхардаж байрлаж болно. Нэг нүүр 25 мөртэй. Мөр тус бүр 30 цифртэй. Тэгэхээр нэг нүүр 750 цифртэй гэсэн үг. Энд, тэнд нь байрлуулсан тоонуудыг 30 минутад тогтоон, цагийн дотор алдалгүй санадаг. 

Түүнийгээ яг дарааллынх нь дагуу цаасан дээр бичнэ. Тэгэхдээ тухайн мөрнөөс нэг цифр алдвал 15 оноо авна. Хоёрыг буруу санавал оноо авахгүй. Цагтаа амжихгүй, сандраад андуурч бичих тохиолдол бишгүй. Найман хуудас гаруй, дунджаар 6000-аад цифрийг санаж, бичихдээ би лав цагийн хугацаанд арайхийж амжуулдаг.

Амжилтын төлөө гаргасан золиос

Э.Лхагвадулам эл амжилтад дардам замаар хүрээгүй. Тэрбээр өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургууль төгссөн ч ой тогтоолтын бэлтгэлээ тууштай хийх, амжилт гаргахын тулд дээд сургуульд элсээгүй. Э.Лхагвулам ээжтэйгээ ярилцаж байгаад ингэж шийджээ. Спортдоо бүхнээ зориулахын тулд сурахаа нэг жил хойш тавин, золиос гаргасны үр дүнд Гиннесийн дээд амжилтын эзэн болсон юм. Э.Лхагвадулам инженер эсвэл банк санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүсдэг. Түүнд МУИС, ШУТИС-д сурах урилга ирсэн гэнэ лээ. Гадаадад боловсрол эзэмших бодолтой ч эх орондоо л ажиллаж, амьдрахыг юу юунаас илүүд үзнэ гэсэн.

Тэрбээр ээжийнхээ хамт амьдардаг. Ээж нь түүнийг үргэлж дэмжин, бүх зүйл дээр Э.Лхагвадуламын талд бат зогсдог гэнэ.

Түүний ээж З.Энхтуяа “Монгол хүн “Гиннесийн ном”-д бичигдэх болж, тэр амжилтын эзэн нь миний охин гэж бодохоор бахархмаар. Охин минь ДАШТ-д өндөр амжилт гаргах байх гэсэн совин ер нь төрсөн шүү. Тэмцээн эхлэнгүүт л хариу нь хурдан гараасай гээд догдлон хүлээсэн.

Охин минь багаасаа бие даасан, хатуужилтай, даруухан, хөдөлмөрч. Тэг, ингэ гэж ер хэлүүлдэггүй. Нэг зүйл хийхээрээ заавал дуусгадаг, үр дүнг нь үздэг шаргуу зантай. Цаашид өнөөгийнхөөсөө өндөр амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн явдаг. Бүх боломжоороо дэмжинэ” хэмээлээ.

Хамгийн залуудаа дэлхийн дээд амжилт шинэчилсэн

Ийм залуудаа дэлхийн дээд амжилт шинэчилсэн түүнээс өөр монгол тамирчин байхгүй. Монголын олонх тамирчин 18-аас дээш насандаа түүний амжилтыг гаргасан юм.

Монголын хамгийн залуу Олон улсын их мастер

Монгол Улс Олон улсын их мастер цолтой 10-аад тамирчинтай. Тэднээс амьд “компьютер”-уудын мөрөөдөл болсон эл цолыг хамгийн залуудаа хүртсэн нь Э.Лхагвадулам. Тэрбээр өнгөрсөн жил 15 насандаа ой тогтоолтын спортын оргил цолд хүрсэн юм.

ДАШТ-ий 20 гаруй медальтай

ДАШТ-ий хэчнээн медалиар энгэрээ мялаагаад буйг нь түүнээс асуухад “Ёстой мэдэхгүй, тоолж үзээгүй. 20 гаруй лав байгаа” гээд даруухан инээмсэглэнэ лээ. Ер нь нийт 100 гаруй медальтай гэсэн.

Дэлхийн 12 дээд амжилтыг эзэмшдэг

УАШТ-ий хоёр түрүүтэй Э.Лхагвадулам дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр дээд амжилтыг шинэчлэн, өдгөө эзэмшдэг. Ой тогтоолтын спортын гуравхан жил хичээллэж буй, 16 настай охин “Гиннесийн ном”-д бичигдэн, дээрх бүх амжилтыг гаргаад байгаагаар нь бахархахгүй байх аргагүй.

“Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

Э.Лхагвадулам саяхан ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцон, оюуны онцгой авьяасаа гайхуулсан. Тус нэвтрүүлгийн багийнхан түүний ур чадварыг шагшин “Гайхалтай” хэмээн уулга алдсан гэнэ лээ. Э.Лхагвадуламын оролцсон дугаар энэ сард олны хүртээл болно.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button