СПОРТ

Т.Тэнүүн улсын аварга болохдоо дэлхийн хоёр дээд амжилт шинэчлэв

Монголын оюун ухааны академиас 10 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн шилдэг 100 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой (ОУ-ын Их мастер 6, Их мастер 1, ОУ-ын мастер 3, Азийн Мастер 2) 12 тамирчин нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо.

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын дээд амжилт 14, дэлхийн дээд амжилт хоёрыг шинэчлэгдлээ. Тухайлбал, 5 минутын “Хоёртын тоолол” төрөлд 1170 цифр байсан дэлхийн дээд амжилтыг дөрвөн тамирчин шинэчилж, хамгийн өндөр үзүүлэлт буюу 1688 цифрээр ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн, 10 минутын “Олон багц хөзөр” төрөлд 416 ширхэг буюу 8 багц байсныг 2 тамирчин шинэчилснээс хамгийн өндөр үзүүлэлт буюу 456 хөзрөөр мөн ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тус тус эзэмшихээр боллоо.

Энэ жилийн улсын аваргын бага насны ангилалд Д.Хүслэн (3353 оноо), өсвөрийн ангилалд ОУ-ын Их мастер Т.Тэнүүн (8186 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр (7690 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.

Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2020 оны улсын аваргаар ОУ-ын Их Мастер, Жи Эн Бевережис ХХК-ийн тамирчин, Т.Тэнүүн (8186 оноо) тодорч аваргын цом, медаль, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.

Тэрбээр шагнал авах үеэрээ “Сайн уу, би Тэнүүн байна. Энэ амжилтыг гаргахад дэмжиж туслан, урам өгч байсан багшдаа, гэр бүлийнхэндээ, найзууддаа баярлалаа.

Яг ийм амжилт гаргана гэж ерөөсөө төсөөлөөгүй байсан. Үнэхээр их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Хөдөлмөр хүнийг хэзээ ч гомдоодоггүй юм байна” гэв.

Харин тэмцээний нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7690 оноо) шалгарч 750 мянган төгрөг, гутгаар байрт ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (6962 оноо) шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртсэн юм. (Тэмцээний албан ёсны дүнг www.memorysport.mn сайтаас харна уу).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button