Нийгмийн

Сүхбаатарчууд арван сарын турш номын ертөнцөөр аялж, “Судар эгшиглэн” төсөл хэрэгжүүллээ

Сүхбаатарчууд 10  сарын турш номын ертөнцөөр аялж, уншсан номоо тэмдэглэн, түүнийгээ бусадтай хуваалцлаа. “СУДАР ЭГШИГЛЭН” нэрийн дор өрнүүлсэн энэхүү аянаа өнгөрөгч бямба гарагт дүгнэж, шилдэг уншигчдаа шалгаруулав. МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит номын сангийн номын санч В.Энхтуяагийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэж, Соёлын яам дэмжин ажиллажээ.  

УИХ-ын гишүүн Н.Ганибал ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү төслийн хүрээнд цар тахлын үед оюуны охь болсон ном унших залуучуудын хүрээг тэлэхийг зорьсон.” гэдгийг цохон тэмдэглээд “Өнөөдөр хүүхэд багачууд, залуучууд маань маш олон сувгаар мэдээлэл хүлээн авч байгаа. Тэгвэл ном унших нь тэдгээр мэдээллийн сувгаас юугаараа илүү ач холбогдолтой юм бэ гэсэн асуулт тулгарна. Кино үзэхдээ бид тухайн киноны дүрүүдийг найруулагчийн найруулснаар, тоглосон жүжигчнээр нь хүлээж авдаг. Харин ном унших агшиндаа бид номонд өгүүлэгдэж буй баатруудыг өөрсдөө сэтгэлдээ бүтээдэг. Тийм ч учраас ном бол ургуулан бодох, сэтгэх чадварыг нэмэгдүүлдэг давхар ач холбогдолтой.” хэмээн онцлон хэлсэн юм.

“Судар эгшиглэн” төслийн санаачлагч В.Энхтуяа “Уншигчид маань эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийж, оюун ухаанаараа, ур чадвараараа, уран сайхан бичлэгээрээ уралдлаа. Гэрийнхээ номын санг баяжуулж чадлаа. Энэ бүхэн бидний төслийн үр дүн юм. Та бүхний уншсан номын тэмдэглэлүүдийг уншиж, бахархаж, урамшиж байлаа. “Ном бол ертөнцийг харах цонх” гэдгийг харуулж чадсан та нараараа бахархаж байна” гэв.

Төслийн эхний шатанд 300 гаруй уншигч оролцсоноос, хоёр дахь шатанд 125 оролцогч тунан үлдэж, гурав дахь шатанд хүүхэд болон насанд хүрэгсдийн ангилалд тус бүр эхний таван байрыг шалгаруулж, цом, батламж, мөнгөн шагнал гардууллаа. Ингээд шилдэг уншигчдыг танилцуулъя.

ХҮҮХДИЙН АНГИЛАЛД:

1-р байр: Б. НАНДИНЦЭЦЭГ /Баруун-Урт сум, 2-р сургуулийн  11б ангийн сурагч/

2-р байр: О.БАЯРСАЙХАН  /Наран сум, О.Дашбалбарын нэрэмжит ЕБС-ийн 5а ангийн сурагч/

3-р байр: Э.АНУЖИН /Түмэнцогт сум, ЕБЫС-ийн  3б ангийн сурагч/

4-р байр: Э.ДАВААСУГАР /Баруун-Урт сум, 1-р сургуулийн 7а ангийн сурагч/

5-р байр: Э.БИНДЭРЬЯА /Баруун-Урт сум, 2-р сургуулийн  8а ангийн сурагч/

НАСАНД ХҮРЭГСДИЙН АНГИЛАЛД:

1-р байр: И.ДАВААДУЛАМ /Сүхбаатар сум, бизнес эрхлэгч/

2-р байр: С.ДОРЖДУЛАМРАГЧАА /Баруун-Урт сум, 3-р сургуулийн  монгол хэл, уран зохиолын багш /

3-р байр: М.ӨЛЗИЙМӨНХ /Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга/

4-р байр: Д.БАТДУЛАМ /Мөнххаан сум, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш/

5-р байр: Ж.ШИНЭБАЯР /Баруун-Урт сум, 3-р сургуулийн нийгмийн ажилтан/

Хаалтын ёслолын үеэр шагналын хур бууж, төслийг зохион байгуулагч багийн гишүүд, МУСГЗ Г.Мэнд-Ооёо болон бусад зохиолчдын гарын бэлгээс эхлээд, Сүхбаатар аймгийн болон Баруун-Урт сумын Засаг даргын нэрэмжит шагналууд, Д.Нацагдоржийн нэрэмжит “Тэргүүний уншигч” тэмдгээр олон уншигч шагнууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал шилдэг уншигчдын тэмдэглэлүүдийг эмхэтгэн сэтгүүл гаргасан нь, төслийн багийн гишүүн Б.Мөнхзоригийн үг, МУСГЗ Ш.Батсайханы ая “Судар эгшиглэн” сүлд анх удаа эгшиглэсэн нь нийт оролцогчогчдод гэнэтийн бэлэг болсон юм.

Ном унших энэхүү аянд нас насныхны төлөөлөл хамрагдсан бөгөөд хамгийн бяцхан уншигч 4 настай Э.Индра, 5 настай Б.Хаш-Эрдэнэ, хамгийн ахмад оролцогч болох Онгон сумын ахмад багш Б.Чулуун нар нь төслийн чимэг болж байлаа.

“Судар эгшиглэн” төслийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахад орон нутгийн удирдлагын зүгээс  дэмжлэг үзүүлэх болно гэж Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа мэдэгдсэн нь төслийг зохион байгуулагчид болон уншигчдад урам өгөв. Мөн 2023 оноос Сүхбаатар аймагт номын сангийн өргөө байгуулагдана гэсэн баяртай мэдээг Соёлын хэлтсийн дарга н.Эрдэнэдэлгэр дуулгалаа.

Ийнхүү аяны хугацаанд сүхбаатарчууд ном унших, уншсан номоо тэмдэглэх “мартагдсан” соёлыг сэргээж чадсанд, наран мандах тал нутгаар ном уншсан, ном сурагласан хүүхэд залуус, хүн ард олон байсанд баяртай байгаагаа зохион байгуулагчид хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button