Нийгмийн

Н.Ганибал: Ажлаас халагдсан 1535 албан хаагчид 11.7 тэрбумыг нөхөн олгох шийдвэр гарсан

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан энэ оны 7-р сарын 29-ний өдөр тавьсан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сонсголоо.

Монгол Улсын Их хурал нь хууль батлахын зэрэгцээ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газар энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй, ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудыг сурталчлах  үйл ажиллагаа дутмаг байгаагаас иргэд ямар нэг байдлаар халамж хүртэх нөхцөл байдал үүссэн ч мэдээллийн дутмаг байдлаас хуулийн хугацаанаас хоцрох, авах ёстой халамжаа хүртэж чадахгүй боломжоо алдах, хохирох байдал түгээмэл ажиглагдаж байгааг Н.Ганибал гишүүн Асуулгадаа дурдсан байна.

Сайдын мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, асуулга тавьсан Н.Ганибал гишүүн үг хэлсэн юм. Тэрээр асуулгадаа зургаан асуудал хөндсөний нэг нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтын хэрэгжилтийг тодруулсан байна. Манайд улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халдаг. Дараа нь шүүх дээр баахан зарга үүсч, нөхөн төлбөрийн асуудал яригддаг. Хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан хугацааных нь цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь олгох үүрэг хүлээдэг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.”, 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” хэмээн тус тус заасан байдаг.

2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтын хэрэгжилт маш хангалтгүй байгаад  Н.Ганибал гишүүн шүүмжлэлтэй хандаж байв. Тэрээр хэлэхдээ “ШШГЕГ-аас надад ирүүлсэн мэдээллээс үзэхэд, 2016 оноос 2021 оны 6-р сар хүртэл хууль бусаар ажлаас халагдсан 1535 төрийн тусгай болон жинхэнэ албан хаагчид нийт 11,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарснаас 1068 албан хаагчид  6,67 тэрбум төгрөгийг улсын төсвийн байгууллага болон ХЗДХ-ийн сайдын багцаас барагдуулсан байна.

Гэтэл ТАЗ-өөс гаргасан мэдээллээр, 2019-2021 онд нийт 29 сая төгрөгийн дүн бүхий 5 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас 9,6 сая төгрөгийг давах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, 8,2 сая төгрөгийн нэхэмжлэлийг буцааж, ердөө 6,8 сая төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байна. Үндэсний аудитын газар 2018-2020 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, албан шаардлага шүүхэд хүргүүлснээс 576 сая төгрөг төлөгдөж, үлдсэн 2,25 тэрбум төгрөгийн нэхэмжлэл биелэгдээгүй байна.

Албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 6,8 тэрбумаар хэмжигдэж байхад холбогдох байгууллагуудаас хохирол барагдуулахаар нэхэмжилсэн дүн, эргэн төлөлтийн дүн яагаад ийм их зөрүүтэй байгаа юм бэ? Үүний цаана ялсан намын ашиг сонирхол яваад байгаа юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Мөн энэ хуулийн хэрэгжилтийг хангах үрэгтэй ТАЗ, ҮАГ, ШШГЕГ, ШЕЗ зэрэг байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, шүүхийн шийдвэр болон тэдгээр шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтлөлтийг сайжруулж, нэгдсэн мэдээллийн сантай болох шаардлагатай байна” гэв.

Аливаа төрд урт хугацаанд баримтлах бодлого, түүнийг ягштал мөрдөж хэрэгжүүлэх засаглал, төрийн албаны залгамж чанар маш чухал. Монголын төрд цаасан дээр буулгасан бодлогын баримт бичгүүд хангалттай ч түүнийг хэрэгжүүлэх залгамж чанар үгүйлэгдэж байна. Төрийн бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх гол субьект нь төрийн алба хаагчид байдаг. Тийм ч учраас улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халахаас хамгаалж, хуулийн зохицуулалт хийсэн ч энэ нь хэрэгжихгүй байгааг Н.Ганибал гишүүний тавьсан асуулга, сайдын мэдээллээс тодорхой харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-25 13:31

аудитын хариуцсан ажилшдээ

Холбоотой мэдээ

Back to top button