ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Цасан хунгарт 100-гаад машин түгжирч, таван иргэн амиа алджээ

АНУ-ын Виржиниа мужид их хэмжээний цас орон хунгарласны улмаас олон арван жолооч нар 95 дугаар хурдны зам дээр гацлаа. Тэд машиндаа хонохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Үйл явдлыг тодруулбал:

Нийслэл Вашингтоноос өмнө зүгт 89 км-ийн зайд орших Фредриксбургийн ойролцоо хоёр чиглэлийн хурдны замын хөдөлгөөн цасны улмаас хаагдсан хэмээн Виржиниа мужийн Тээврийн Албанаас мэдэгдэв.

2022.01.03-нд АНУ-ын зүүн өмнөд болон Атлантын далайн эрэгт их хэмжээний цас хунгарлан орж, хурдны замууд хаагдаж, зуугаад автомашин ямар ч хөдөлгөөнгүй гацсан хэмээн албаны хүмүүс мэдэгдэв. Зарим хэсэгт бүр 30 см-ээс их цас орж, зам тээврийн олон осол гарсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээгээр мэдээллээ.

Цасан шуурганы улмаас Вашингтон дахь холбооны ихэнх албан байгууллагууд хаагдсан хэмээн “USAToday” мэдээлэв.

Мужийн амбан захирагч Ральф Нортэмийн хэлснээр, нийтийн үйлчилгээний ажилчид шөнөжингөө цас цэвэрлэж, зам дээр унасан моддыг зайлуулан цасанд гацсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлөхөд гар бие оролцжээ.

“Манай багийнхан зам дээр гацсан хүн бүрийг 95-р хурдны замаас аль болох хурдан гаргахаар идэвхтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслүүдийг өөр зам руу нэвтрэх боломжтой ойролцоох гарц, уулзварууд руу чиглүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мужийн Тээврийн Алба “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Хурдны зам дээр гацсан хүмүүсийн дунд Виржиниа мужаас сенатор Тим Кайн мөн байсан ба тэрбээр бусад жолооч нарын нэгэн адил жавартай хүйтэнд машиндаа шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрсэн аж.

Зам дээр таг гацсан хүмүүсийн нийтэлсэн жиргээнээс хүргэвэл:

- Эндрю Тавани (@andrewtavani) 2022.01.04

АНУ-ын зүүн эрэгт нүүрлэсэн цасан шуурганы улмаас таван хүн амиа алдсаны хоёр нь бага насны хүүхэд байв. Олон зуун байшин тог цахилгаангүй боллоо.

- Тим Кайн (@timkaine) 2022.01.04

“Би Вашингтон руу хийх ердийн хоёр цагийн аяллаа өчигдөр 13:00 цагт эхлүүлсэн. Гэтэл 19 цагийн дараа би нийслэл рүү дөхөө ч үгүй байна”.

Цасан шуурганы улмаас Ерөнхийлөгч Жо Байден Зул сарын баяраар төрөлх Делавэр мужаас Вашингтон руу буцаж ирэх замдаа мөн хагас цагийн турш онгоцноос бууж чадалгүй гацсан талаар бид өмнө нь видео мэдээгээр хүргэсэн. ЭНД  дарж холбоотой мэдээг уншина уу.

Цаг агаарын “AccuWeather” албаны мэдээлснээр, цас 15-30 см, түүнээс ч их хэмжээгээр орсон байна. Ийм их хэмжээний цас зүүн Виржиниа мужаас Мэрилэндийн зүүн эрэг хүртэлх хэсэг, Делавэрийн ихэнх хэсэг, мөн Нью Жерсигийн өмнөд хэсэгт орсон аж.

2022.01.03-ны өдрийн үдээс хойш Виржиниа, Мэрилэнд, Нью Жерси, Хойд Каролинад хамгийн багадаа 25 см-ийн зузаантай, Вашингтоноос баруун өмнө зүгт 80 км-ийн зайд орших Виржиниа мужийн Гленди хотод болон Колумбын тойрогт 35 см-ийн зузаантай цас орсон гэсэн мэдээлэл байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагаас өмнө тус бүс нутагт хүчтэй цасан шуурга шуурна гэж мэдээлсэн аж. Цагт 55 км хүртэл хүчтэй салхи шуурахыг ч мөн урьдчилан анхааруулсан байсан ба цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас зорчих хөдөлгөөнд ихээхэн хүндрэл үүснэ гэсэн төлөвтэй байсан. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цасан шуурга хамгийн багадаа таван мужид бүртгэгджээ. Мөн зарим газарт 5 см-ийн зузаантай цас орно гэж мэдээлсэн байна.

Цаг агаарын таагүй байдлын улмаас дээр дурдсанчлан таван иргэн амиа алдсан гэх таагүй мэдээ байна. Ноксвиллээс зүүн өмнө зүгт 50 км-ийн зайд орших Теннесси мужийн Таунсенд хотын нэгэн байшинд их хэмжээний цас орсны улмаас ургаа мод унаж, 7 настай охин амиа алджээ. Амиа алдсан хоёр хүүхдийн нэг нь Жоржиа мужийн иргэн 5 настай хүү хүчтэй салхины улмаас ДеКалб мужийн Атланта хотын ойролцоох байшин дээр мод унасны улмаас энджээ.

Мэрилэнд мужийн Монтгомери мужид жийп машин, цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж, гурван хүн амиа алдсан байна.

Шуурганы улмаас олон зуун автомашины осол гарч, тээврийн хэрэгслүүд зам дээр гацсан байна.

Виржиниа мужийн цагдаа нар 12:30 цагийн байдлаар муж даяар 559 зам тээврийн осол бүртгэн авсан ба ослоор 522 тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байна. Цагдаа нар 16:00 цаг гэхэд хохирогчдод туслахаар хоёр мянга гаруй машиныг дайчилжээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр, зарим жолооч нар, иргэд машиныхаа хөдөлгүүрээ унтрааж, машинаа орхиод хоргодох байр луу очсон талаар “FoxNews” мэдээлэв.

Харин зарим жолооч нар машиндаа 20 цаг гаруй суусан байна. Тэдний зарим нь сэтгэл санааны гүн цочролд орж, айж чичрэн, уйлсан байна.

“Хурдны зам дээр хэчнээн удаан гацахыг хэлж мэдэхгүй хүнд нөхцөл үүссэн тул хүмүүс сэтгэл санааны хувьд ч хямралд орсон” гэж эх сурвалжууд мэдээлэв.

Ачааны жолооч Эмили Клементсон ярихдаа, “Би хэзээ ч ийм зүйлтэй тохиолдож байгаагүй” гэв.

Аврах багийнхан “Зам дээр олон тооны осол гарч байгаа нь бухимдал, айдас төрүүлж байна. Бид тасралтгүй ажиллаж байна. Багууд бүх зам нээгдэж, зорчих хөдөлгөөн аюулгүй болтол цаг наргүй, амралтгүйгээр хонон өнжин ажиллах болно” хэмээн жиргэсэн байна.

Нийслэл Вашингтонд бүх албан байгууллагууд хаагдаж, хэд хэдэн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, хичээлийн хуваарийг хойшлуулсан байна. Эсхүл шаардлагатай тохиолдолд хичээлийг онлайнаар явуулна хэмээн АНУ-ын Хүний нөөцийн албанаас мэдэгджээ. Түүнчлэн, “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэн, мөн их хэмжээний цас орсон гээд байгалийн аюулт үзэгдэлтэй холбоотой хязгаарлалтууд нийслэл хотын ихэнх хэсгийг хаахад хүргэлээ.

2022.01.03-ын өглөө Вашингтоны гурван ч томоохон нисэх онгоцны буудлын нислэгийн талаас илүү хувь нь хойшлогдсон, цуцлагджээ. Мөн Нью-Йоркийн гурван томоохон нисэх онгоцны буудалд нислэгийн дөрөвний нэг нь  хойшлогдсон байна.

“Weather.com” сайтын мэдээлснээр, цасан шуурганы улмаас даваа гараг /2022.01.03/-ийн үдээс хойш Виржиниа, Жоржиа, Теннесси, Каролина мужуудад ойролцоогоор 850 мянган байшин, аж ахуйн нэгж тог цахилгаангүй болсон ч  өдрийн турш эрчим хүч аажмаар сэргэж, тэдний 500 мянга орчим нь 18:00 цагийн байдлаар цахилгаангүй хэвээр үлдсэн аж.

Ийнхүү АНУ-д байгалийн гамшиг нүүрлээд байна. Ялангуяа, цасан шуурганы улмаас тус улсад сүүлийн хэдэн өдөр баруун болон зүүн хойд нутгийн тал хэсгүүд цасанд дарагдаад байгаа юм. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, 2022.01.04-нөөс эхлэн тус бүс нутагт 100 км/цагийн хүчтэй салхи шуурч болзошгүй байна. Бусад нутгаар ч мөн шинэ оны эхээр цастай өнжив.

Баруун Вашингтон, Орегон мужид цас, бороо холилдон оржээ. Мөн нэгдүгээр сарын 4-нд баруун хойд хэсгээр далайн эрэг дагуу аадар бороо орж, үер бууж болзошгүй тул долоо хоногийн турш бүс нутгаар хэд хэдэн удаа их хэмжээний цас орж болзошгүй гэж Үндэсний цаг уурын албанаас анхааруулсан байна.

(Эх сурвалж: Daily Mail; Fox News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button