ДЭЛХИЙНИЙГЭМ

Буркина-Фасо: Баруун Африкт дахин төрийн эргэлт гарлаа

Буркина-Фасогийн цэргийнхэн даваа гараг /2022.01.24/-т тус улсыг хяналтандаа авч, төрийн эргэлт хийснээ зарлалаа. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Буркина-Фасо улс бол Африкийн баруун хэсэгт оршдог ба дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг ба 7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Мах, махан бүтээгдэхүүн экспортлодог. Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.

Цэргийнхэн тус улсын Eрөнхийлөгч Рок Марк Каборег саатуулсны дараа ийм мэдэгдэл хийсэн байна.

Цэргийн төлөөлөгч хэлэхдээ, “баривчлан саатуулсан хүмүүсийн эсрэг бие махбодийн ямар нэгэн хүч хэрэглэлгүйгээр төрийн эргэлт хийсэн” гэлээ.

Мөн цэргийнхэн тус улсын Үндэсний ассемблейг тарааж, Үндсэн хуулийг түдгэлзүүлж, улсын хил гаалийн зурвасуудыг хааж, оройн 21:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоосноо зарлалаа.

Энэ үйл явдал бол сүүлийн нэг жил хагасын хугацаанд Баруун Африкт болж буй гурав дахь цэргийн эргэлт хэмээн “Ассошиэйтед Пресс” агентлаг онцоллоо.

Рок Марк Кристиан Каборе бол 2015 оноос хойш тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2020 онд дахин сонгогдсон. Сүүлийн жилүүдэд Буркина-Фасод жихадист бүлгүүдийн идэвхжил нэмэгдэж, олон улсад зартай “Аль-Каида” болон “Лалын улс” /ISIS/ алан хядагчдын террорист бүлгүүдтэй холбоотой халдлагын тоо нэмэгдсээр байгаа юм. Ийм халдлагын улмаас олон мянган жирийн иргэн амь насаа алдаж, мөн 1.5 сая хүн гэр орноо орхин эх орноосоо дүрвэсэн.

Ерөнхийлөгч Рок Марк Каборе хаана байгаа нь тодорхойгүй байгаа ч төрийн эргэлтийн үеэр баривчлагдсан бүх хүмүүст аюул заналхийлэл байхгүй хэмээн цэргийнхэн мэдэгджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэднийг нийслэлийн хуаранд хорьсон байж болзошгүй аж.

Цэргийн эргэлт нийслэлд цэргийн хуаранг булаан авч, гал нээсний маргааш нь болсон юм.

Өнгөрсөн ням гараг /2022.01.23/-т олон зуун хүн гудамжинд гарч, цэргийнхнийг дэмжиж, эрх баригч намын байрыг галдан шатаасан байна. Үүний дараа шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

Өмнө нь, тус улсын эрх баригч “Дэвшлийн төлөөх ард түмний хөдөлгөөн” намын төлөөлөгчид одоогийн Ерөнхийлөгчийн амийг хөнөөх оролдлого хийсэн хэмээн мэдэгдэж байсан ч тэрбээр амьд байгаа гэсэн мэдээлэл байна.  

Энэ хугацаанд олон нийтийн сүлжээгээр Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны цуваа байж магадгүй, хуягт зэвсэг техникүүд нийслэлийн гудамж талбайгаар явж байгаа дүрс бичлэгүүд цацагдсан байна.

Цэргийн эргэлт болж, утастай интернет ажиллаж байгаа ч хөдөлгөөнт холбоо тасраад байгаа аж.

Ерөнхийлөгч Каборе төрийн эргэлт гарсны дараа олны өмнө гарч ирээгүй ба түүнийг огцруулах талаар телевизийн эфирээр зарлахаас өмнө тэрбээр “Твиттер” хуудсандаа зурвас үлдээж амжжээ.  

“Гартаа зэвсэг барьсан этгээдүүдийг ард түмний эрх ашгийн төлөө зэвсгээ хураалгахыг уриалж байна” гэж жиргэжээ. Гэсэн ч, эл жиргээг Ерөнхийлөгч өөрөө бичсэн үү, аль эсхүл өөр хэн нэгэн түүний өмнөөс нийтэлсэн эсэх нь одоогоор тодорхой бус байгаа аж.

(Эх сурвалж: Associated Press; Wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button