Зурагт их үздэг хүүхэд аутизмтай болох нь их
Зурагт, аутизм хоёрын холбоог эрдэмтэд тогтоосон байна.
Бага насны хүүхдүүдийн аутизмтай болох нь зурагт үзэхтэй холбоотой гэсэн дүгнэлтийг Японы Яманаши Их Сургуулийн эрдэмтэд хийжээ.
Өдөрт дор хаяж хоёр цаг зурагт үздэг хүүхдүүд гурван нас хүртлээ аутизмаар өвчлөх магадлал 3.5 дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Харин энэ нь ихэвчлэн хөвгүүдэд илэрсэн аж.
Эрдэмтэд 30 эх, хүүхэд гээд 84 мянган хүний дунд судалгаа явуулсан байна. Судалгаагаар зурагтын дэлгэцийн өмнө байх цаг тутамд аутизм үүсэх эрсдэл улам нэмэгддэг болохыг тогтоожээ.
Жишээлбэл, өдөрт нэгээс хоёр цагийн турш таблет эсхүл зурагтын өмнө өнгөрөөдөг эрэгтэй нярай хүүхдүүдэд аутизм оношлогдох магадлал хоёр дахин их байдаг гэжээ. Энэ нь дэлгэцийн өмнө хамгийн бага цаг зарцуулсан бүлэг хүүхдүүдтэй харьцуулахад гарсан үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ өдөрт 2-4 цаг дэлгэцийн өмнө суух нь дээрх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлдэг байна.
Харин гурван настангуудын хувьд дэлгэцийн өмнө заасан хугацаанд аутизм илрээгүй аж. Сонирхолтой нь, аутизм зөвхөн хөвгүүдэд илэрсэн ба нэг ойтой охин хүүхэд дэлгэцийн өмнө 2-4 цаг болсон ч гурван настайд нь тэдэнд аутизм илрээгүй байна.
Эрдэмтдийн дүгнэснээр, үүний шалтгаан нь охидын аутизмыг оношлоход хүндрэлтэй байдаг ба эмэгтэй хүний тархинд аутизм үүсэхээс хамгаалдаг генетикийн механизм байж магадгүй ажээ.
Эдгээр үр дүнг үл харгалзан мэргэжилтнүүд дэлгэцийн өмнө удаан байснаар хүүхдийн аутизмын шалтгаан болдог гэдгийг батлаагүй байна. Ерөнхийдөө, бага насны хүүхдийн аутизмыг оношлоход хэцүү байдаг ба ихэвчлэн аутизмтай хүүхэд л дэлгэцийн өмнө их цагийг өнгөрүүлж, донтдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл, аутизмтай хүүхдүүд илүү зурагт үзэх хандлагатай байдаг.
Аутизмын гол шинж тэмдэг нь бусадтай харилцаанд орох дургүй, нийгмийн харилцаанд ордоггүй, зожигдуу хандлагаар илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь анзаарч, анхаарал хандуулж, хүүхэдтэйгээ өдөр бүр амьд харилцаа үүсгэж, зурагт, гар утас, таблет зэргээс хол байлгахыг хичээх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.