Хөндөх сэдэв | "Аутизмтай 700 хүүхдийн 650 нь суралцаж байгаа ч багш, суралцах орчин хангалтгүй байна"
Бид аутизм гэх үгтэй хэдийнээ танил болсон атал түүний тухай ойлголт, мэдээлэл дутмаг байдаг. Улмаар аутизмтай хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж харж, ойлгох нь цөөнгүй. Аутизм нь бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч боловсруулах чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Тус эмгэгийн шалтгааны талаар шинжлэх ухаан одоогоор нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байгаа аж.
Тиймээс шалтгаан нь тодорхой биш тул тухайн эмгэгийг эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтын талаар ярих боломжгүй юм. Гэвч бусад улс орнууд зан үйл засалч гэх мэргэжил бий болгосон байна. Тус мэргэжил нь аутизмтай хүүхдийн алдсан ур чадварыг сэргээхэд тусалдаг аж. Өөрөөр хэлбэл, аутизмтай хүүхэд энгийн хүнээс зарим ур чадвараараа хоцорсон байдаг. Тэгвэл зан үйл судлаачийн тусламжтайгаар дутуу чадвараа эргүүлэн олж авах юм.
Видео:
Хүн оршин буй газар зан үйл бий. Тэгэхээр хүний аж төрж байгаа газар бүрд зан үйл судлаач хэрэгтэй байх нь. Гэтэл манай улсад зан үйл судлаач гэх мэргэжил одоо л дуулдаж байгаа шинэ үг. "Монгол Улсын хэмжээнд 2395 хүүхэд аутизмаар оношлогдсон" гэж салбарынхан хэлж байгаа бөгөөд энэ нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа аж. Дэлхийн жишгээс харахад нэг зан үйл судлаачид 70 гаруй иргэн ноогддог байна. Тэгвэл манай улсад аутизмаар оношлогдсон 2000 гаруй хүн бий гэж тооцохоор 30 гаруй зан үйл судлаачийн хэрэгцээ шаардлага үүсэж буй. Тэгвэл энэ асуудлаар "Аутизм ба боловсрол" олон улсын конференц боллоо.
Тус үйл ажиллагаанд ОУ-ын эрдэмтэд аутизмыг зан үйл судлаачийн ачаар хэрхэн эмчилж буй олон улсын сайн жишгийг хуваалцсан юм. Түүнчлэн аутизмтай хүүхдийг хэрхэн нийгэмшүүлэх талаар санал солилцсон байна. Манай улсад аутизмтай хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа хэр нь тэдгээртэй ажиллах боловсролын салбарын ажилчдын тоо өсөхгүй байгаа юм. Тиймээс бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх цаашлаад зан үйл засалчийг нутагшуулах хэрэгцээ шаардлага үүсээд буй.
-Аутизмтай хүүхэдтэй ажиллах 95 оюутныг долоон жилийн дотор төгсгөсөн-

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Ч.Байгалмаа "Манай сургууль 2013 оноос эхлэн тусгай хэрэгцээт боловсролын багш хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэсэн. Харин аутизмтай харилцах багш гэж байхгүй. Тусгай хэрэгцээт боловсролын багш бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадвар эзэмшинэ гэж ойлгож болно. Манай сургууль хөтөлбөрийн шинэчлэлээр бүх чиглэлийн багш боловсролын хөтөлбөртөө тэгш хамруулах боловсрол, ялгаатай хүүхэдтэй харилцах арга зүй гэсэн хичээлүүдийг заавал судлахаар оруулсан. Ингэснээр Боловсролын их сургуулийг төгсөж гарах бүх багш нар энэ талын зохих мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаа. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй сурагч, иргэнтэй харилцах мэдлэг, ур чадвартай байх хэрэгцээ үүссэн учраас сургалтын хөтөлбөрт тусгасан. Тиймээс хөгжлийнхөө үе шатаар энэ төрлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр илүү боловсронгуй болох шаардлагатай.
-Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай ажиллах багшийн хэрэгцээ байна гэж та ярилаа. Одоогийн байдлаар танай сургуульд энэ чиглэлээр суралцаж байгаа хэдэн оюутан байна вэ?
-Манай сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багш хөтөлбөр дөрвөн жилийн хугацаатай байдаг. Энэ чиглэлээр долоон жил элсэлт авч, нийт 95 оюутан төгсгөсөн байна. Нийт төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлээрээ, салбартаа ажилладаг. Энэ чиглэлээр суралцахаар орж ирсэн оюутнууд бүгд эртнээс шийдвэрээ гаргасан мэргэжилдээ хайртай хүмүүс байдаг учраас дийлэнх хувь нь салбартаа үлддэг. Нийгэмд тусгай хэрэгцээт боловсролын багшийн хэрэгцээ маш их байгаа. Манай оюутнуудыг гурав, дөрөвдүгээр курсээс нь дадлагажуулан ажиллуулах хүсэлтэй төрийн болон төрийн бус байгууллагууд их. Тиймээс манай оюутнууд гуравдугаар курсээсээ эхлээд л цалинтай дадлага хийж, цаашлаад үндсэн ажилтан болдог.
-Тусгай хэрэгцээт боловсролын багшийн эрэлт их байна гэж ойлголоо. Эрэлтийг багасгахын тулд мэдээж нийлүүлэлт сайн байх хэрэгтэй. Долоон жилийн дотор 95 төгсөгч гэдэг тийм ч хангалттай тоо биш. Тэгэхээр цаашид энэ чиглэлийн боловсон хүчний тоог нэмэхийн тулд ямар бодлого хэрэгтэй юм?
-Нийгэм энэ чиглэлийн багш, цаашлаад нарийн мэргэжилтэн судлаачийн хэрэгцээ байгаа нь үнэн. Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хөрвөх боломжтой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Багш болон бусад чиглэлээр их сургууль төгссөн хүн нэгээс хоёр жилийн тусгай хэрэгцээт боловсролын хөрвөх хөтөлбөрт хамрагдаж энэ чиглэлээр ажиллах боломжтой гэсэн үг. Бакалаврын дөрвөн жилийг сонгож байгаа элсэгчид бусад ангийн элсэгчийн тоотой харьцуулахад хамаагүй бага. Учир нь тухайн мэргэжилдээ сэтгэл зүрнээсээ хайртай, хүсэж, зорьсон хүүхдүүд тусгай хэрэгцээт боловсролын багшаар элсдэг. Угтаа энэ мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон жаргалыг ойлгодог, мэргэжилдээ хайртай, сэтгэлийн дуудлагаар сонгосон хүүхдүүд энэ салбарт үлддэг.
-Мөн өөр мэргэжлийн багш, эцэг эхчүүд хөрвөх хөтөлбөрт хамрагдаж энэ салбарын фронтыг үүсгэхэд хувь нэмрээ оруулах хүсэл бий. Гэхдээ бусад мэргэжилтэй адил зар сурталчилгаа хийж түүнийхээ хэрээр элсэгч авах боломжгүй л дээ. Учир нь энэ салбарт хайртай хүн л ажиллаж, тэсэж үлдэнэ. Дийлэнхдээ л хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгодог, түүний жаргал, зовлонг захаас нь мэдэрсэн хүмүүс хөрвөх хөтөлбөрт хамрагдах нь түгээмэл. Бидний хувьд аль болох энэ чиглэлийн ажиллах хүч, фронтыг хүчирхэг, зузаан болгохын төлөө ажиллах болно.
-Аутизмтай хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд хамрагддаг ч суралцах орчин хангалтгүй байна-

Монголын аутизмын холбооны гишүүн, доктор Д.Мөнгөнцэцэг аутизмын оноштой иргэдийн бодит мэдээллийг цуглуулах, иргэдийн дундах аутизмын талаарх мэдлэг ойлголтын түвшнийг үнэлэх зорилгоор аутизмын үндэсний судалгаа хийсэн байна. Тэрбээр энэ судалгаагаа хоёр сарын хугацаанд цахимаар хийсэн бөгөөд 700 хүүхэд оролцсон байна. Үүний 93 хувь буюу 650 хүүхэд ЕБС -д болон дээд боловсрол эзэмшихээр сурч байгаа аж. Харин үлдсэн долоон хувь нь ямар нэгэн боловсролын үйлчилгээ авдаггүй гэсэн судалгаа гарчээ.
Дээрх судалгааныхаа талаар доктор Д.Мөнгөнцэцэг "2018 оноос тэгш хамруулах боловсрол хэрэгжиж эхэлснээр аутизмтай хүүхдүүд энгийн сургуульд суралцах боломж бүрдсэн. Тэгш хамруулах боловсролын дагуу аутизмтай хүүхдийн суралцах орчин, хичээл заах багшийн ур чадвар, хөтөлбөрийн тохируулга буюу ганцаар хичээллэх хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Тэгвэл бидний судалгаа эдгээр нь бодит байдал дээр хэрхэн биелж ажил хэрэг болж байгааг судалсан. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн өгсөн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж судалсан гэсэн үг.
Судалгааны үр дүнгээс үзвэл аутизмтай хүүхдийн суралцаж буй сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр нь дундаас доош түвшинд үнэлэгдсэн. Мөн аутизмтай хүүхэдтэй ажиллах багшийн арга зүй дундаас доош үнэлэгдсэн. Тухайн сургуулийн зүгээс аутизмтай хүүхдийг хэрхэн дэмждэг вэ гэсэн асуулгын хүрээнд ганцаарчилсан сургалт сайн хийдэг, мөн туслах багш үйлчилгээ хангалттай түвшинд хэрэгжиж байгаа үр дүн гарсан. Судалгааг дүгнээд хэлбэл, хамрагдалт ихэссэн ч чанар муу байна. Аутизмтай хүүхдийг сургуульд хамруулж буй нь сайн хэрэг ч сургалтын чанар, хүртээмжтэй байдал хангалтгүй байна гэж ойлгож болно.
-Хамрагдалт их байдаг. Гэтэл хүртээмж муу гараад байгаа нь юутай холбоотой бол?
Мэдээж энэ бол системээр нь шийдэх асуудал байх. Үнэлгээ муу гараад байгаа нь сургалтын орчинтой холбоотой. Тухайн сургууль тэгш боловсрол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ёстой хүртээмжтэй орчныг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр цаашид нэгдүгээрт сургуулийн орчныг сайжруулах, дараагаар нь багш нарын ур чадварын нэмэгдүүлэх. Эдгээрийг засаж, сайжруулж чадвал судалгааны үр дүн сайн гарна. Нэг ёсондоо аутизмтай хүүхэд сурах орчин нөхцөл бүрдэж байгаа юм.
-Судалгаа хийх явцдаа улсын хэмжээнд аутизмаар оношлогдсон хүүхдүүдийн тоог гаргасан уу. Гаргасан бол өмнөх жилүүдээс өссөн, буурсан эсэх?
-Судалгааг цахимаар авсан учраас албан ёсны тоог гаргаагүй. Монгол Улсын хэмжээнд 2395 хүүхэд аутизмаар оношлогдсон гэх мэдээлэл байгаа. Үүнээс манай судалгаанд 700 хүүхэд хамрагдсан. Эцэг, эх, асран хамгаалагчид орсон нийт тоо гэвэл 5,000 орчим иргэнийг хамруулсан.
-Судалгаанд оролцогчид зөвхөн нийслэлийн хэмжээнд үү, эсвэл улсын хэмжээнд үү?
-Улсын хэмжээнд авсан. Нийт судалгаанд хамрагдсан 5,000 гаруй иргэний 80 хувь нь нийслэл. Үүнээс аутизмаар оношлогдсон нь 700 гаруй.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аутизмтай хүүхдүүд сурч байгаа нь сайн ч орчин нөхцөл үнэхээр дутмаг байна
Bagsh nariin surgalt chadvar deer iluu anhaarah heregtei shuu
Хамрагдалт нэмэгдсэн нь сайхан мэдээ, харин чанар дээр анхаарах цаг болжээ
Ene bol zugeer neg salbariin bish niigmiin asuudal shdee
Аутизмтай хүүхдийг ойлгох ойлголт нийгэмд одоо ч хангалтгүй байна
Surah orchin ni zugeer bolvol huuhduud iluu hugjinu
Багш нарын ачаалал их байдаг байх, тусгай мэргэжилтэн хэрэгтэй
Тэгш хамруулах боловсрол бодит амьдрал дээр сайн хэрэгжихгүй байна
Huuhduudiin ireeduin tuluu ene asuudliig shiideh yostoi
Эцэг эхчүүдэд ч маш их ачаалал ирдэг байх даа
Mergejiltenii hureltsee mash ih bga ni харагдаж bn
Сургууль бүрд хүртээмжтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй
Хүүхдүүдийг зүгээр суулгах биш хөгжүүлэх орчин хэрэгтэй
Аутизмтай хүүхдүүдийг ойлгож хүлээж авах нийгэм хэрэгтэй