УРЛАГ

Шаналант ээжийн доторх хувь эмэгтэйг нээн илэрхийлэгч

“Гэм зэм” постдрам намрын турш Улаанбаатарыг Ф.Достоесвкийн үзэл санаанд автуулсан. Зузаанд нь, агуу гэж шүтэгддэг учраас нь Ф.Достоевскийгээс тойрч зугтдаг олон хүн найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа нарын энгийн тавилтаар түүнтэй ойртон элгэмсэж чадсан.

Одоо хавар, “Гэм зэм” шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин үзэгчдэд хүрч байна. Намар амжаагүй үзэгчид хаварт нь яарч байна. Харин жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь тэдний хувьд дүгнэж, харьцуулах боломжгүй анхдагч шинэ мэдрэмж боловч намрын тоглолтуудад байсан хүмүүст сониучирхам элемент билээ.

Тухайлбал, МУГЖ Б.Нармандах жүжгийн бүрэлдэхүүнд нэмэгдсэн. Тэр Раскольниковын ээжийн дүрд, МУГЖ Г.Урнаагийн оронд тоглолоо. Түүнтэй жүжгийн бэлтгэлийнх нь үеэр уулзаж ярилцсан. Тэр “Жүжигт илэрхийлэгдээгүй үлдсэн ганцын төдий ч болов өнцгийг үзүүлчих юм сан, бүтээчих юм сан гэсэн эрмэлзлээр ажиллаж байна” хэмээж байв.

Нээрэн, өмнөх тавилтаар Раскольниковын ээжээс олж хараагүй баялаг характерууд илэрч байна. Гагцхүү амьдралын буулганд өртөж, шаналсан нэгэн ээж биш өөрийн гэсэн галтай, хөгжилтэй, дэврүүн араншинтай эмэгтэй гарч иржээ. Г.Урнаагийнх өр нинжин ээжийг сайтар илэрхийлж, “Ээж нь хамт явъя” гэх Раскольниковт хандсан сүүлийн үгийг үзэгчдийн зүрхэнд ортол “шивнэж” байлаа. Гэхдээ дүр туждаа шаналалтай харагдаад байв.

Харин Б.Нармандах зовлон шаналлынх нь цаана нуугдсан эмэгтэй хүний нь суурь характеруудыг ч бас гаргаж ирсэн нь шинэ ажээ. Энэ нь эмэгтэй хүний нь зүггүй, хөгжилтэй ч гэмээр галтай амин чанарууд юм.

Гэхдээ “Өр нинжин” гэдэг агуулга дээр арай хөндий, амьдралын буулганд арай сөхөрсөн өнгө аясаар ажиллачихсан шиг. Яг хүүгээ, охиноо гэсэн, юу ч хийхээс буцахгүй тийм нэг гэгээн, зовж байгаадаа ч жаргах хэмжээний дүүрэн сэтгэл бага сагахан л харагдлаа гэлтэй. Мөнөөх “Ээж нь хамт явъя” хэмээх үгийг тэр миний үзсэн тоглолт дээр лав тун сул өгүүлсэн.

Туршлагатай жүжигчний маневраар тэр шаналант хэсгүүдийг торох зүйлгүй бүтээхийн ялдамд хөгжилтэй, дэврүүн зан чанарыг шинээр чимсэн онцлогтой байна. Дүрийн доторх дүрийг илэрхийллээ гэмээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x