Нийгмийн

Өнөөдөр дэлхийн халдашгүй соёлын өв Наурызын баярын өдөр

Өнөөдөр Наурызын баярын өдөр. Энэ баярыг дэлхий дахинаа Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэдэг. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ.

Улмаар ЮНЕСКО Наурызын баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Тодруулбал, өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэдэж буй.

Казахууд энэ өдрийг өвлийн цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Тэд нарыг шүтдэг учраас гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлнэ. Бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ.

Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмсөн ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг байхыг ерөөнө. Эрчүүд ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг. Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгохдоо “Наурыз баярын мэнд. Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөнө. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Энэ нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай ажээ. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.

Казах түмний хувьд энэ өдөр хүндэтгэлийн хоолонд шөл уудаг. Тэд долоогийн тоог бэлэгшээдэг тул баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ.

Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ. 

Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-22 08:44

Хасгууддаа баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x