НийгмийнСурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани хонь, ямааг амьдаар нь экспортлох БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАЖЭЭ

ЛОГИК: МАХЫГ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БАЙДЛААР ЭКСПОРТЛОХОД ХЯЗГААР ТАВИУЛСНЫХАА ДАРАА ХОНЬ ЯМААГ АМЬДААР НЬ ХИЛ ГАРГАХААР ЯАГААД ЯАРАВЧЛАВ

Харахад, энгийн л дүртэй мөртлөө хачин зальжин бас хэтийдсэн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Ч.Улаан сайд яг тийм хүн шиг байгаа юм. Саяхан л “Манхны үнэ өсөөд болохоо байлаа. Ээ, гэгээн дарь эх минь. Махны экспортдоо хязгаарлалт тавья. Нэмүү өртөг шингээж, хуурай аргаар боловсруулсан махыг хилээр бага гаргахад хязгаарлалт хийх хэрэгтэй” гэж мэдэгдсэн.

Энэ мэдэгдлээсээ хойш ердөө 10 гаруйхан хоногийн дараа урд хөршид айлчлахдаа хонь, ямаагаа амьдаар нь экспортлох ажлыг түргэвчлүүлэхээр яриад ирэв. Амьдаар нь хонь, ямааг экспортлоход  хоёр сул талтай. Нэгдүгээрт, ямар ч нэмүү өртөг шингэхгүй. Хоёрдугаарт,амьдын жингийн үнэ зах зээл дээрхээс 2-3 дахин өснө. Эргээд дотоодын зах зээл дээрх махны үнийг шууд хөөрөгдөх эрсдэлтэй юм.

Зүй нь, бид нэмүү өртөг шингэсэн боловсруулсан махаа түлхүү экспортолж, амьдаар малыг хил гаргахад хязгаар тавьмаар. Гэтэл Ч.Улаан сайд яг үүний эсрэг чиглэлд явж, Засгийн газраар нэмүү өртөг шингэсэн махны экспортод хориг тавиулав. Тэр яагаад ингэж ажиллах болов. Түүнд энэ нь ямар ашигтай вэ гэсэн асуулт эндээс гарч буй.

Тэрбээр уг асуудлаар “Хоёр жилийн өмнөөс эхэлж яригдаад, бэлтгэл нь хангагдаж, бүтээн байгуулалт нь өрнөчихсөн. Төсөл нь сүүлийн шатандаа орж байгаа. Одоо мал эмнэлэг, хорио цээрийнх нь тохиролцоог хийх зайлшгүй шаардлага байгаа. Махны үнийн өсөлтөд 600 мянган толгой мал хөлөөр нь гаргахад нөлөөлөл үзүүлнэ гэж би хувьдаа бодохгүй байна” гэсэн хариултыг хэвлэлд өгсөн юм.

БАРИМТ: Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙН ДҮҮГИЙН КОМПАНИ ХОНЬ, ЯМААГ АМЬДААР НЬ ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖЛАА БҮРЭН ХАНГАЖЭЭ

Сонирхолтой нь, Дорноговь аймгийн Замын–Үүд суманд Ч.Улаан сайдын эхнэрийн төрсөн дүүО.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэл ажлаа хэдийнэ хангажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус компани жилд 2 сая гаруй мал бордож гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 15 мянган мал бордоод бэлэн болгожээ.

Улмаар урд хөршийн “Эрээн” хотод өдөрт 15 мянган хонь нядлах хүчин чадал бүхий хоёр үйлдвэрийг “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК ашиглалтад оруулж байгаа гэх мэдээлэл байна. Эндээс харахад, Ч.Улаан сайдын эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани хонь, ямааг амьдаар нь хилээр гаргаж улмаар “Эрээн” хотод төхөөрөх цогц үйл ажиллагаа эрхлэхээр зэхэж байгаа аж.

Түүгээр зогсохгүй “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн Зам-Үүд дэх мал бордооны цэгт урд хөршийн Мал эмнэлэг, Хорио цээрийн албаныхан хүртэл  ажиллаад буцсан байна. Тэгэхээр Ч.Улаан сайд урд хөршид ажиллаад ирснийхээ дараа 600 мянган толгой мал хөлөөр нь гаргах асуудлыг сөхөж ярьсан гэж тайлбарласан нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Ер нь манай улс төрийн хүрээнийхэн Төрийн айлчлал нэрээр хувийн бизнестээ боломж гаргах замыг хөөцөлддөг нь нууц биш. Үүний нэг жишгийг Ч.Улаан сайд давтсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Аж ахуйн чиглэлийн бэлтгэлүүдийг нь 2012-2014 онд Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Гаалийн ерөнхий газрын даргаар тавиулсан байсан, сонгуулийн менежер, дотны хүн нь болох О.Ганбат хангаж өгсөн гэх яриа түгэж буй юм. 

Ч.УЛААН САЙД ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮГЭЭР ЗӨВЛӨХӨӨ ХИЙЛГЭЖ, ЯАМНЫХАА АЖЛЫГ “БАЗУУЛЖЭЭ”

Нэмж хэлэхэд, Ч.Улаан сайдын зөвлөхөөр эдүгээ түүний эхнэрийн төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг. О.Оюун-Эрдэнэ гэх зөвлөх нь ХХААХҮЯ-нд ихээхэн нөлөөтэй, эрх мэдэлтэй, хувийн ашиг сонирхлоо асуудалд ханддаг  гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

Ч.Улаан сайдын хувьд эхнэрийн талын хүмүүсийг төрийн албан томилоход идэвхийлэн ажилладаг гэх яриа хөшигний ард гарсаар удаж байна. Парламентад хэдэнтээ сонгогдож, сайдын суудалд үе улиран сууж буй Ч.Улаан сайдаас хүртэл ахуйн хүрээний ийм шунал, эрх ашгийн зөрчил гарч байна гээд бод.

Засгийн газраар хуурай аргаар боловсруулсан мах гаргахад хориг тавиулангуутаа урд хөршид очоод, малыг хөлөөр нь гарах асуудлыг түргэвчлүүлээд иржээ. Хятад иргэний нэр дээр байдаг эхнэрийнх нь дүүгийн компани малыг амьдаар нь хил гаргах асуудал яригдсан 2017 онд Замын-Үүдэд тухалж.

Мэдээлэлд ойр байдлаа ашиглана гэдэг чухамдаа энэ юм. Тэгээд боломж гарангуут маш овжиноор ашиглахаар зэхсэн байгаа юм..

Мах магнаг болж, үнэ нь тэнгэрт хадаж буй ийм үед салбар хариуцсан сайд нь хүртэл махны бизнест “ороолцолджээ”. Салбараа тэлэх зорилготой сайд хүн байтлаа энэ чиглэл дэх ААН-үүддээ эрүүлээр өрсөлдөх боломж өгөхгүй манаргаж яваа нь хамгаас харамсалтай. Засгийн газрынхаа гишүүний энэ мэт зөрчлийн хажуугаар Ерөнхий сайд дуугүй өнгөрөх үү. Өлгөж авах уу гэдгийг одоо харах л үлдлээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button