Гуравдугаар сарын инфляц: Дэлхий даяар үнэ өсөв

3-р сарын инфляцын статистикаас үзэхэд олон улс оронд үнийн өсөлт эрчимжжээ. ОУВС-аас мэдээлж буйгаар инфляц дэлхийн нийтээр өсөх хандлага үргэлжилж буй юм.
Евробүсийн инфляц 7.5 % хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Герман, Испани, Итали, Францад инфляц хамгийн өндөр байгаа бол Англид инфляц 7% болж өссөн нь 1992 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
Америкт инфляц өнгөрсөн хавраас эхлээд эрчимтэй нэмэгдсээр ирсэн. 3-р сарын байдлаар хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт 8.5% байгаа нь 1981 оноос хойшхи дээд үзүүлэлт болж байна. Инфляцад гол нөлөө үзүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг авч үзвэл хүнсний бүтээгдэхүүн 10% , хуучин автомашины үнэ 35%, тавилга гэр ахуйн бараа 18%-иар тус тус өсчээ.
Харин Азийн Улс орнуудын хувьд инфляц харьцангуй тогтвортой бага түвшинд буюу Хятад 1.5%, Япон 0.9%, Солонгос 4.1% байна.
Монголд 3-р сарын инфляц улсын хэмжээнд 14.4 % байсныг ҮСХ зарласан. Гадаад зах зээл дээр үнэ өсч буй нь импортоор дамжаад дотоодын үнийг өсгөх нөлөөг үзүүлж байна. Манай улсын хэрэглээний сагсийг бүрдүүлдэг 373 бүтээгдэхүүний 200 нь импортын бараа байна. Импортын барааны үнийн өсөлт 14.4 % инфляцын 7.5 нэгж хувийг бүрдүүлжээ.