Тапан Мишра: Малчид малынхаа ашиг шимийг л харах бус гарааны бизнес эрхэлж, тогтмол орлоготой байх чухал

НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймагт хэрэгжүүлсэн билээ. Эл төслийн хүрээнд НҮБ, Завхан аймгийн ЗДТГ хамтран “Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн”-ийг Улиастай хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумын 200 гаруй малчин оролцов.
НҮБ-ын Хүн амын сангаас тус аймгийн таван суманд хэрэгжүүлсэн 14 төсөлд хамрагдсан малчид, хоршоод зөвлөгөөний үеэр бүтээгдэхүүнийхээ дээжээр үзэсгэлэн гаргасан нь олны сонирхлыг ихэд татлаа.

“Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн”-д НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра оролцсон. Тэрбээр НҮБ-ын дөрвөн байгууллага (Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага) хамтран хэрэгжүүлсэн төслөө ийн дүгнэж байна.
-НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран Завхан аймагт хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сайн байна уу. Маш их баярлалаа (Монголоор хэлэв). НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран Завхан аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байна. Зөвлөгөөний үеэр дэлгэсэн үзэсгэлэнг үзэхэд сайхан байлаа.
НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн 14 төсөл зөв хүндээ очсоныг, бизнес, ажилд нь мэдэгдэхүйц боломж олгосныг, өөрчлөлт авчирсныг харлаа. Малчид зөвхөн мал маллаад амьдрах бус гарааны бизнес эрхлэх, бүтээгдэхүүн хийх боломж дүүрэн байгааг эндээс харж болно. Манай төслийн үр өгөөж гарч буйд баяртай байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хувьд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хувийг нэмэхэд тодорхой хэд хэдэн түвшинд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд өмнө нь 16 хувь байсан идэвхийг 21 болголоо. Малчид нийгмийн даатгалд идэвхтэй хамрагдах нь ирээдүйгээ баталгаажуулах, эдийн засгаа бэхжүүлэх нэг арга хэрэгсэл. Малчид гарааны бизнес эрхэлж, тогтмол орлоготой болсноор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдахаас авхуулаад олон боломж нээгдэнэ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд цар тахлын хүнд үед хүүхдийн тэтгэлгийг дэмжин ажиллалаа. Үүнийгээ үргэлжлүүлээд жирэмсэн эмэгтэйчүүдэд тэтгэлэг өгөх тал дээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ямар ч ган, гачиг тохиолдоход малчид хамгийн наад захын үндсэн хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хувьд малчдыг аливаа гамшиг, хямралд илүү тэсвэртэй байх чадавхыг бэхжүүлэх зорилгоор зургаан чиглэлд анхаарч ажилласан.
Ийнхүү НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран ажилласнаар малчин хүн эдийн засгийн хувьд болон аливаа гамшиг хямралын эсрэг хөл дээрээ бат зогсож чадах, бэрхшээлийг даван туулах чадвартай болгохыг зорилоо.
Цаашид монголчууд ялангуяа малчид эдийн засгийн хувьд халамж, тэтгэмж хүлээх бус ажил, хөдөлмөр эрхэлж, одоогийнхоосоо илүү биеэ даах чадварыг төлөвшүүлэхийн тулд бид энэ төслийг хэрэгжүүлсэн.
-Орон нутгаас Завхан аймгийг сонгосон нь сонирхол татаж байна. Завханчуудыг яагаад сонгов?

-Ямар ч төсөлд үр дүн чухал. Завхан аймаг Монгол Улсын баруун бүсэд оршдог. Зах зээлээс хол, алслагдмал. Төрийн үйлчилгээ, ямар нэгэн төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж нь тэр хэрээр хумигдмал байдаг гэж дуулсан. Энэ төслийг Завхан аймагт хэрэгжүүлэх эсэхийг НҮБ-ын олон байгууллага хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн. Манай төсөл Завханд хоёр жил хэрэгжлээ. Хамрагдсан малчид, байгууллагууд тодорхой хэмжээнд бизнесээ тэлж, тоног төхөөрөмжөө шинэчлэхээс авхуулаад цөөнгүй дэвшил, үр дүн гарсанд баяртай байна.
Ямар нэгэн төсөл хэрэгжээд дуусах нэг хэрэг. Түүнийг тухайн аймаг, орон нутаг дэмжээд үргэлжлүүлэх, эргэх холбоотой ажиллах, бэхжүүлэх нь юу юунаас илүү чухал юм шүү.
-Тэгэхийн тулд аймаг, орон нутгаас юун дээр түлхүү анхаарч, яаж ажиллах нь чухал вэ?


-Одоо цаг үе өөр болсон. Малчид зөвхөн малынхаа ашиг шимээр амьдардаг үе ард хоцорсон. Жилийн дөрвөн улиралд малынхаа ашиг шим дээр тулгуурлан гарааны бизнес эрхлэх боломжтой.
Аймаг, орон нутаг бүхэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэ онцлогтоо тулгуурлан, малчдаа, иргэдээ дэмжвэл илүү үр дүнд хүрнэ. Аймаг, орон нутгаас төсөл хэрэгжсэн иргэдэд зөвхөн санхүү бус бизнес эрхлэх, хүрээг нь тэлэх боломж, орчин нөхцлөөр хангах хэрэгтэй. Тэр хэрээр төслийн үр дүн илүү гарч, удаан хугацаанд үргэлжилнэ. Гарааны бизнес эрхлэгч, малчдын бүтээл, бүтээгдэхүүнийг зөвхөн орон нутагтаа бус улсын хэмжээнд цаашлаад гадаад руу гаргах боломж, нөхцлөөр хангах чухал.
Үүний сацуу олон улсын томоохон байгууллагуудтай хамтрах, төсөл, хөтөлбөрийг нь аймаг, орон нутагтаа хэрэгжүүлэх талаар идэвхи, санаачлагатай ажиллах хэрэгтэй. Тэр хэрээр малчид, аж ахуй эрхлэгчдэд бизнес эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Малчид, мал аж ахуй эрхэлдэг иргэд орлого олох, тогтвортой амьжиргаатай байх олон боломжуудын нэг нь аялал жуулчлал. Жуулчдыг өрөмтэй боорцгоор дайлж, үндэсний дээл, хувцсаа өмсүүлэн, морь унуулах зэргээр нэмэлт орлого олох боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.