НИЙГЭМ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өвөл ч ажилладаг ногоон байгууламжаар сурагчид аяллаа

МУИС-ийн лицей, “Байгаль эх” ахлах сургуульд өвөл, зунгүй ажилладаг хүлэмж бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй энэ орчинд монгол орондоо чухалд тооцогдох зүйлийн төдийгүй халуун орны суккулент төрөл зүйлийг ургамлуудыг ч тарьжээ. Ороход өөдөөс тань жимсээ өгсөн нимбэгийн мод угтана. Шувуу жиргэж сонстоно. Бяцхан экосистем энд бий болжээ. Усны мандал дээр ургадаг ургамлуудын усыг ойролцоох загасны аквариумаас татах аж. Ургамал эргээд усыг цэвэршүүлэх бөгөөд буцан аквариум руу цутгана. Түүний зэрэгцээ жимс, хүнсний ногооны хаягдлаар чийгийн улаануудыг хооллож, тэд нь эргээд хөрсийг үржил шимээр тэтгэж буй бяцхан экосистемийг ч байршуулжээ.

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн санаачилга болох энэ ногоон байгууламжид тайлбарлагч багш нар ажилладаг. Сонирхсон хүн бүрийг орж ирэхэд хүлэмжийн бүх хэсгүүдийг танилцуулж, тодорхой хэмжээний онолын мэдлэгийг түгээнэ. Биднийг очиход Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 8-р ангийн сурагчид уг ногоон байгууламжтай танилцаж байлаа.

Орчин үеийн цахим хэрэглээ элбэгшсэн энэ цагт хүүхдүүд улам бүр байгалиас холдож, эх дэлхийн зохицолдолгоо, экосистемийн талаарх ойлголт нь нимгэрч, амьд организмыг хайрлах сэтгэхүй нь бүдгэрсээр буй гэлтэй. Битүү, суурьшмад орчинд мэдээллийн хэрэгсэлтэй ихэнх цагаа өнгөрүүлж буй хүүхдүүд хэсэгхэн хугацаанд энэ ногоон байгууламжтай танилцахад тархи нь амарч, амсхийж, цаашлаад “ногоон ертөнц”-ийн гайхамшгийг дахин шинэ нүдээр харах боломжтой байлаа.

Хүүхдүүд “Тайлбарлагч багшийн ярьсан зүйлийг өмнө нь сонсож байгаагүй. Их сонирхолтой байлаа. Ургамал, ногоог бид хайрлаж сурах хэрэгтэй. Энэ талаар улам их сонирхож, судалмаар санагдлаа” хэмээж байв.

Удалгүй сурагчдын хамт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хүлэмжийн үүдээр орж ирэн, лемоны модны навчийг үнэрлэж байхтай таарлаа. Дүүрэг, дүүргийн ЕБС-ийн сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд ХБНГУ-ын “Ханнас Зайдел”-ийн сан, МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтарч, энэ сарын 258-наас эхлэн ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Харин энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, мөн өөрийн биеэр хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм. Чингэлтэй дүүргийн 4500 хүүхэд уг ногоон байгууламжтай танилцах ажээ.

Энэ үеэр МУИС-ийн экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа “Хүүхдүүд байгалиас маш хол өсөж байна. Ийм үед Улаанбаатарт байгалийн сайхныг мэдрүүлэх  ийм орчин бүрдүүлсэн нь сайхан.

Энэ хүлэмж маань өвөл, зунгүй ажилладаг. Хүлэмжээр аялж буй хүүхдүүд ургамлыг үнэрлэнэ, барьж мэдэрнэ. Үүнээс гадна манай төв мөн дөрвөн улирлын турш ажилладаг амьтны музейтэй. Удахгүй 30 гаруй зүйлийн модтой цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээнэ.

Музей, ногоон байгууламжаар танилцуулах үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн нас, насны онцлогт тохируулсан хөтөлбөр гаргасан. Энэ сарын 25-наас эхлэн өдөр бүр 200 хүүхэд хүлээн авч байгаа. Хамгийн гол нь хотын төвөөс алслагдмал суралцдаг, амьдардаг хүүхдүүдэд энэ боломжийг олгож буй нь сайшаалтай байна” хэмээж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хүүхдүүд маань байгаль дэлхийтэйгээ ойр байх бололцоот орчинд орсноор танин мэдэхүйн мэдлэгээ тэлнэ. Маш оновчтой үйл ажиллагаа болж буй, чамгүй хөрөнгө оруулалт ч орж байгаа юм билээ. Би УИХ-ын гишүүний хувьд цаашид боловсролын чиглэлд ихээхэн анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Энэ төслийн онцлог нь хүүхэд багачуу, сурагчидтай холбогдож байгаа юм. Манай хичээлийн орчин, тоног төхөөрөмж, нөхцөл ямар билээ. Энэ бол хүн хүнлэг байх, ногоон эко Улаанбаатарыг бий болгоход шууд үр өгөөжөө өгөх ийм л төсөл” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button