Гурван сая гаруй хүн Эмбер Хердийг “Aquaman 2” кинонд тоглуулахгүй байхыг хүсжээ

Эмбер Хердийн нэр хүнд “навс” унаж, жүжигчнийх нь карьер ч унаж эхлэв. Энэ бүхэн салсан нөхөр Жонни Депптэй шүүхийн өмнө ана мана үзэлцэж байгаагаас үүдэлтэй.
Эхэндээ хүмүүс Жонни Деппийг эхнэрээ хүчирхийлэгч хэмээн буруутган, үзэж ядаж байв. Гэсэн ч, одоо хэрэг явдал яг эсрэгээрээ. Олон сая хүн Эмбер Хердийн үнэн нүүр царай илчлэгдэхэд түүнийг үзэн ядаж эхэлээ. Хэдхэн жилийн өмнө л гэхэд Херд, Депп хоёр мөн л гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхийн өмнө дуудагдаж байв. Тухайн үед Жонни Деппийн карьер ч эрс муудсан. Холливудын алдартай кино компаниуд Жонни Депптэй хамтран ажиллахаас хүртэл татгалзаж, гэрээгээ цуцалж байлаа.

Энэ удаад тэдний хэрэг улам л хэл амтай, сенсацитай өрнөж байна. Шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр олны өмнө ил болж, хүмүүс Хердийг жигшин зэвүүцэх болов. Тэд бүр Эмбер Хердийн оролцсон тоглож буй “Aquaman 2” киноноос түүнийг хасахыг шаардсан хүсэлтийг сошиал сүлжээгээр тарааж эхэлсэн.
Эхэндээ түүнийг жүжигчдийн багаас хасах тухай хүсэлтэд нэг сая орчим хүний гарын үсэг цугларч байсан. Гэсэн ч, хожим нь хүмүүс Эмбер Хердийн асуудлыг түр мартсан. Харин энэ оны дөрөвдүгээр сард Жонни Депп шүүхэд мэдүүлэг өгч эхлэхэд хүмүүс хоёр жүжигчний өмнөх хэргийг дахин сөхөж, сонирхох болов.
Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар хоёр сая гаруй хүн Эмбер Хердийг киноноос хасуулах хүсэлтэд бүртгүүлж, тавдугаар сарын 2-ны байдлаар даруй гурван сая гаруй хүн Эмбер Херд тоглосон киног үзэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийллээ.

Гэсэн ч, Хердийн оролцсон бүх үзэгдлүүдийг зураг авалтад аль хэдийн оруулчихсан учраас киног цуцлах хүсэлтэй олон нийтийн дургүйцэл төдийлөн нөлөө үзүүлэхгүй болов уу.
Хачирхалтай нь, Хердийг “Aquaman 2” киноны найруулагч хасах бодолтой байсан аж. Жонни Депптэй холбоотой хэргээр бус харин гол дүрийн жүжигчин Жейсон Момоа болон Эмбер Херд хоёрын “химийн найрлага” нь таараагүйтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдний энерги хоорондоо нэг л зохицож өгөөгүй гэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Cosmopolitan
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.