ДЭЛХИЙНИЙГЭМ

Шри-Ланка: Майханд хонож шатахуунд оочерлох иргэдийн эсэргүүцэл нэмэгдсээр

Шри-Ланкийн төрийн өмчит шатахууны компани шатахууны хэрэглээг хязгаарлах болсноо өнгөрсөн баасан гараг /2022.04.29/-т зарласан талаар “Asia News” суваг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны жижиглэнгийн зах зээлийн гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг төрийн өмчит “Цейлон Петролеум Корпорэйшн” компани тээврийн хэрэгсэл эзэмшигч худалдан авагчдын бензин шатахууны хэмжээг хязгаарласан.

Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал, мотоциклийн жолоочийн худалдан авах боломжтой бензиний дээд хэмжээ нь хязгаарлалтын дараа дөрвөн литр, гурван дугуйтай тээврийн хэрэгслийн хувьд таван литр, автомашин эзэмшигчдэд харин 19.5 литрээс ихгүй бензин олгохоор болсон шийдвэр юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Шри-Ланкад арав орчим хүн түлшний асар том хоолойд нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ бүхэн нь тус улсад эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэнтэй шууд холбоотой. Учир нь, сүүлийн үед Шри-Ланкад хоол хүнсний болон эм, эмийн бүтээгдэхүүний хомстол ч үүсээд байгаа юм. Түүхийн хувьд нь авч үзвэл, эл үзэгдэл Шри-Ланка 1948 онд Их Британийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойших хамгийн ноцтой хямралд тоооцогдож байна.

Шатахууны хомстолд орж, хязгаарлалт тогтоосон нь ард иргэдийн дургүйцлийг хүргэснээр эцэстээ эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүчин зүйл болсон. Шатахууны хязгаарлалтаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн гарсны дараа эрх баригчид цэргийнхэнд шатахуун түгээх станцуудыг хамгаалахыг үүрэг болгож эхэлсэн.

Гуравдугаар сарын 21-нд Шри-Ланкийн иргэд Коломбо хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайг хэдэн цагийн турш хааж, зуухандаа гал ноцоох керосин ч авч чадахгүй болтлоо хямралд орсонд эрх баригчид буруутай хэмээн жагссан. Үүний дараа төрийн өмчит “Цейлон Петролеум Корпорэйшн” компанийн бүх Шатахуун Түгээх Станц /ШТС/-ыг цэрэг цагдаагийн хамгаалалтад авсан гэдгээ Батлан ​​Хамгаалах Яамны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Яамны мэдээлснээр, цэргийн хяналт тогтоосон нь шатахуун авах хэрэглэгчдийн урт дараалал нэмэгдэхийн хэрээр эсэргүүцэл, дургүйцэл улам нэмэгдэж, үймээн самуун гарахгүйн улмаас ийнхүү хууль хүчнийхнийг дайчлахаар шийдсэн хэмээсэн.

Коломбо хотын ойролцоох ШТС-ын гадна иргэд урт дараалалд зогсож, үймээн самуун гарсны улмаас мотоциклтой иргэн амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 30-наас хойш ахмад настай гурван ч иргэн урт дараалалд зогсож байгаад мөн амь насаараа хохирчээ. Шатахуун авах хүсэлтэй иргэд дарааллаа алдахгүйн тулд ШТС-ын гадаа майхан сав хүртэл босгож, хонон өнжин оочерлож байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Дээр дурдсанчлан, Шри-Ланка 1948 онд Их Британиас тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд хямралтай нүүр тулж байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Готабая Ражапакса гуравдугаар сарын 23-нд бүх улс төрийн намуудын удирдагчдыг хүлээн авч уулзан, улс оронд нь үүсээд буй нөхцөл байдал, эдийн засгийн хямралын талаар хэлэлцсэн ч сөрөг хүчний зүгээс эл уулзалтыг бойкотлохоо мэдэгдсэн.

Коронавируст цар тахлын сөрөг муу нөлөө эдийн засаг хямрахад нөлөөлсөн. Ялангуяа, аялал жуулчлалын салбар илүү өртөж, гадаадад ажиллаж буй шриланкчуудын улсдаа илгээх гадаад валютын шилжүүлэг илтэд буурсан юм. Тиймээс, тус улс валютын хомстолд орж, худалдаа наймаа эрхлэгчид бараагаа импортлох төлбөрийн чадамжгүй болж эхэлсэн. Олон бүс нутагт барааны хомстол үүсэж, ялангуяа цаас, бэхний хомстолоос болж тус улс олон сая оюутнуудад хүртэл нөлөөлж, шалгалт шүүлгээ өгч чадахгүй хойшлуулахад хүргээд байгаа юм.

Улс оронд нь ийнхүү эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэнд Ерөнхийлөгч Готабая Ражапакса Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, 17 сайдаа огцруулж мөн тооны сайд нарыг шинээр томилсон талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг даваа гараг /2022.05.02/-т мэдээлсэн.

Ерөнхийлөгч сайд нараа огцруулсан ч гэлээ Ерөнхийлөгчийн том ах Махинда Ражапакса тус улсын Ерөнхий сайдаар, мөн Гадаад Хэргийн Яам болон Сангийн сайд нарыг албан тушаалд нь хэвээр үлдээсэн байна.

Нөгөөтэйгүүр, Засгийн газрын танхимд ажилладаг Ерөнхийлөгчийн хэд хэдэн төрөл төрөгсдийг албан тушаалаас нь огцруулжээ. Энэ мэтээр Засгийн газрын бүтэцдээ албан тушаалын халаа сэлгээ хийж байгаа нь Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн засгийн эрхийг атгаж байна гэж буруутган шүүмжлэх ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж байгаатай холбоотой гэгдэж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ, “Засгийн газрын ихэнх байгууллагууд эдийн засгийн ноцтой хүндрэлтэй тулгарч байна. Одоо тэднийг ажиллуулах нь туйлын чухал” хэмээсэн юм.

Өмнө нь, тус улсын сөрөг хүчний намууд эвслийн Засгийн газар байгуулах тухай Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн саналыг эсэргүүцэж байсан удаатай. Сөрөг хүчнийхэн Ражапакса болон түүний төрсөн дүү Ерөнхий сайдаар ажиллаж, засгийн эрхэнд байгаа цагт тэд үүнд нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн.

Эдийн засгийн ноцтой хямралын улмаас тус улс олон сарын турш хоол хүнс, түлш шатахуун, эм тарианы дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан хүнсний болон шатахууны нийлүүлэлт тасалдаж, гадаадаас бараа импортлох төлбөрийн чадамжаа алдаж, ам.долларын буюу гадаад валютын хомстол үүссэнээр Шри-Ланка улс Азийн орнуудын дунд хамгийн өндөр инфляцтай улс болоод байна.

Өмнө нь эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг бууруулах, чухал бус импортыг хязгаарлах, биржийн арилжааг хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай гэдгээ зарласан ч хямрал арилаагүй, иргэдийн эсэргүүцэл үргэлжилсээр байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ дурдвал, мягмар гараг /2022.05.03/-т цагдаагийнхан болон шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн хямралд дургүйцсэн жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж, жагсагчдыг тараахын тулд цагдаа нар гал нээсэн талаар “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлсэн.

Over 600 protesters arrested in Sri Lanka for violating nationwide curfew -  The Week

Жагсагчдын нэг нь амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Жагсагчид төмөр зам, авто зам, гүүрүүдийг хааж, хууль сахиулах байгууллагынхны тавьсан анхааруулгыг биелүүлээгүй хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдсэн. Үүний зэрэгцээ “Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, олон мянган хүн Ерөнхийлөгчийн ордны ойролцоо өндөр албан тушаал хашиж буй Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүдийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал хийсээр байгаа аж.

Ерөнхийлөгчийн төрсөн дүү Шри-Ланкийн Ерөнхий сайд Махинда Ражапакса мягмар гарагт хэлэхдээ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Парламентын эрх мэдлийг өргөжүүлэх зорилгоор тус улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн юм. Гэсэн ч, түүний эл мэдэгдлийг зөвхөн одоо үүсээд буй иргэдийн эсэргүүцлийг түр зуур намжаах гэсэн оролдлого хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-04 08:22

Аймаар юм

zochin
zochin
2022-05-04 12:14

Toriin alba torliin alba bolj xuviraxad ingedeg yum daa. Udaxgui manai uls ch gesen iim bolno

Холбоотой мэдээ

Back to top button