УРЛАГЧөлөөт нйитлэлч

Замын тэмдэглэл: Модон хөл минь даарав

Бүтээлийг чинь сонсох гэж

Бетховен хөгжмөө зогсоожээ

(замын тэмдэглэл)

“Хотоос бол 700 гаруй км, эндээс бол 140-хөн км шүү дээ. Очоод ирэхэд өдөрчийн л ажил” гэж биеэ ятгасаар арайхийн нүдээ нээлээ. Ерөөс сүүлийн хагас жил  миний хэмжигдэхүүн “хотоос бол тэд, эндээс бол төд” болжээ. Ийн хэмжиж хэвтэхтэй зэрэгцэн утас хангинах нь О.Цулаа багш байлаа. “Гараад ир, явъя” л гэнэ. Хөдлөөд төд удалгүй мань эр гэнэт “Тэр цөн түрэхийг харав уу? Шүлэг бичнэ шүү” хэмээн хамт яваа сурагчдад хэлэв ээ. Эгийн голын цөн түржээ. Бидний хэт нутаг Хатгал, хүрэх газар Түнэл, хэрэг зориг гэвээс нэг нь Гүр юм уу Гүрж хэмээх Гүржавын Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулах, хоёр нь түүнд оролцох, харин би дэмий шахуу яваа юм. О.Цулаа багш Хатгалын Соёлын төвийн дэргэдэх “Найргийн далай” яруу найргийн дугуйлан ажиллуулна. Хотын сургууль, соёлын төвүүд дэргэдээ яруу найргийн дугуйлан ажиллуулдаг эсэхийг бүү мэд, хөдөөд бол түгээмэл. Түүний итгэж буйгаар би мөнөөх наадам хийгээд нэрийдэгчийн тухай бичих учиртай хүн. Гэвчиг буцах замдаа л давахгүй даваа өөдөө мацаж буйгаа мэдрэв ээ. Гээд орхиж бас чадамгүй оргиод замын тэмдэглэл ч болтугай бичихээр суугаа минь энэ ээ.

Хоёр Түнэлийн хооронд

Хүдэн манан татахад

Модон хөл минь даарав.

Зам зуурт ахин дахин бодогдсон мөрт юм. Бичээчийнх нь амьдрал, уран бүтээлийг хайрлах, бахдах, эмзэглэх хосолж буйгаас гадна  сэтгэлд тээглэсэн хувийн гэмшилтэй ая дан зохирсноос тэр. Сарын өмнө аав минь гутлаа гипсээр, хөлөө суга таягаар орлуулав. Аав 1000 км-ийн алсад байх. Санаан зоргоор эргэж тойрч чадахгүйдээ гэмшсэн үү гэвэл бас ч үгүй. Ядах нь ээ, өдөр бүрий залгаад биеийг нь лавлах зүтгэл үгүйд л хамаг учир бий. Хөндий, хайнга үр юмсанжээ. Эцэст нь ийм чааваас амьтан болох хүний төлөө насаараа жолоо мушгисан аав минь гэж дээ. Залгахыг минь хүлээнгээ хөл нь, бүр таяг нь хүртэл янгинаа болов уу, яагаа бол?.

       Гүрж.Нямдоржийн тухай мэдэхгүй уншигчдад зориулан тайлбарлахад тэрээр 1960-аад оны сүүлээр, арваадхан насандаа ослын улмаас хөлөө тайруулсан юм. Дээрх шүлгийн утга танд арай тодорсон гэж найдъя. Дэлгэрүүлэн “Хоёр Түнэлийн хооронд хүдэн манан татахад биш, зулгуй муу хүмүүсээс болж л модон хөл нь даардаг, түүнийгээ хий хоосон мананд тохоод сэтгэл нь тайтгардаг ч байсан уу, бүү мэд.” хэмээн зохиолч, яруу найрагч П.Майнбаяр нэгтээ “Барханы газрын сахиул”-даа бичсэнийг уншиж болно. 

Бид Түнэл хараахан ороогүй, замдаа яваа  шүү дээ. Тэдний хэлж буйгаар намайг багтаа багтаасан нь дом шахуу аж. Холын замд эх хүнтэй хамт явах нь аюул ослыг зайлуулна гэнэ. Ингээд буй биеэрээ “Аян замын ерөөл” болдог юм байжээ. Ерөөс яруу найрагчид  уран зөгнөл ихтэй, юухныг ч бэлгэдэж мэдэх л улс шиг. Нэмээд гүү унагалж байхтай таартал манай хэдийн бэлгэшээхийг ээ!. Цэнгэлийн манлайд хүрч магад аялал болоод ирлээ шүү. Болтугай, болтугай!. О.Цулаа багш жолоо барихын сацуу зам зуур таарах уул, усны нэршлийг сурагчдаасаа асуун, мэдэхгүй бол мэдүүлж явав. “Морьтны хишиг явганд” гэгчээр Далайн ээжийн босго, Эрхэлийн хөндий, Эрхэл нуур, Эрдэнэ хайрхан, Ачимаг нуур, Эрхтийн овоо, Бага Түнэл, Хатан уул зэргээр хэд хэдэн нэр тогтоож авав. Ийн явсаар зорьсон газартаа ирэв ээ. Дурдан буй эрхмээс гадна “Дайсику”, “Амуль” тэргүүт бүтээлээр нь эчнээ мэдэх зохиолч Нацагдоржийн Бадамжав болоод “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур”-ын Цагаанчулуугийн Дэлгэрмаа, "Саранд үүрлэсэн шувуу", “Одод бороо шиг байхад”-ын Жаргалсайханы Оргил нарын нутаг гэхээр сонихон. Шог зураач, зохиолч, яруу найрагч, нийтлэлч Гүрж.Нямдоржийн нэрэмжит гэх Түнэлийн сургуулиар орлоо. Нэрэмжит болохын ач холбогдол нь сүрхий юм. Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолын хоёр дахь заалтад "Гүрж.Нямдоржийн амьдрал, уран бүтээлийн түүхэн замналыг иргэд, залуучууд, хүүхдүүдээр судлуулах, сурталчлан таниулах, алдар гавъяаг мөнхжүүлэх, танхим байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, жил бүрийн 12 дугаар сард ИТХ-ын тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг сургуулийн захиралд үүрэг болгосугай" хэмээжихүй. 

Сумын төв хөл хөдөлгөөн ихтэй. Таруу амьдрах нутгийнхан төрийн албан хаагчдын зөвлөгөөн, ахмадын урлаг, спортын наадам зэрэг олон шалтгаар цугласан өдөр таарчээ. Сумын гуанзанд сууж байтал хижээл насны хөлчүү эр бидэнтэй яриа өдөх гэлээ. Төвөгшөөх авч ёсыг бодон амыг нь дагуулсхийгээд л. Мань эр “Улс орон сүйрч байна. Амьдрах арга алга” хэмээн бувтнана. Тогооч бүсгүй “Харьж амар. Хүн үргээгээд байна” л гэнэ. Юу гээд л үгэнд нь орох вэ дээ, хөлчүү хүн шүү дээ. Сүүлдээ ч бяцхан дажин дэгдлээ. “Төрийн албан хаагч хүн ажлын өдөр ууж болдог юм уу? Төрийн албан хаагч болохоороо ийм дээрэлхүү юм уу?” гэх. Аль ч сумын нийтлэг төрх л дөө. Хэдэн жилийн урьд тухайн үеийн ерөнхийлөгчийн нутаг болоод ч тэр үү, анхны жишиг сумдын нэг болсон Ховдын Зэрэгт ийм нэг эртэй таараад “Сум нь жишиг юм бол архичин нь бас жишиг л байна биз дээ” хэмээн инээлдсэнээ санахад л  ер ийм зүйлтэй ижил дасал болжээ.

Ингэж тэгсээр яруу найргийн наадам эхэллээ. Мөрөнгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль, Түнэл сум, Хатгал тосгоны сургуулиас нийт 30-аад хүүхэд оролцов уу даа. Уншсан шүлгүүдээс нь одоо онцлон санах юм алга. Монголын уран зохиол дахь “Д.Нацагдорж стил”-ийн хувцаслалт болох монгол дээл, хромон гутал, срочкон цамц, бүрх малгай духдуулсан “найрагч” хөвгүүдийн уншсан шүлгээс илүү хувцас нь санаанд үлджээ. Мэдээж охид ч бас байсан. Толгой дарааллан шахуу Бавуугийн Лхагвасүрэнд дуртай гэцгээх тэдний дундаас ганц нь л өөр нэр хэлсэн нь (тэр нь П.Майнбаяр) содон. “Ингэхэд Гүрж.Нямдоржид дуртай хүн байна уу?” гэвээс хариу алга. Тодорхой насанд хүрэх эсвэл тодорхой таашаал үүссэний дараа дурлуулдаг зохиолч гэж бий. Тэдний нэг нь юм болов уу даа. “Шүлэг зохиол нь цөөхөн уншигчийн мэдэлд байдаг, уран зохиолын цомхон хүрээнд яригддаг энэ хүний бүтээлийн өв чамгүй их ээ. Өдий хүртэл бүрэн хэмжээгээр уншигдаагүй л байна” (П.Майнбаяр “Барханы газрын сахиул”) гэх юм уу “...Харин үлдсэн хэсэг нь амьдарч байсан цаг үедээ зохиол бүтээлээ үнэлүүлж, ойлгуулж чадаагүй “азгүй” бичээчид… Гүрж.Нямдоржийг энэ хэсэгт багтаавал яг тохирно. Тиймээс нэгэн өгүүллэгийнхээ төгсгөлд “хүн бурхнаас заяасан цаг үедээ байх нь л аз жаргал юм” гэж санааширсан байдаг…”(У.Бямбаням “Цаг хугацааны гаднах эр”) зэргээр түүний бүтээлийг дүгнэх нь ч бий. Гэхдээ хоосонгүй ээ, бүтээлд нь дурлаж амжаагүй ч түүнийг хэн болох, ямар бүтээлтэйг нь цөм мэдэж байлаа.  Онцлон нэг сурагчаас “Түүнийг яаж мэддэг болов?” хэмээн асуувал хана руу эрүүгээр заагаад “Эндээс л мэдэхгүй юу!”. Ийм ойлгомжтой хариултад хүрэх зам хэрдээ л адал явдал бүхий. Сумын сургуулийг түүний нэрэмжит болгох эсэхийг шийдэх ИТХ-ын хуралдаанаар нэг сүрхий асуудлыг хэлэлцсэн нь "Түнэлээс Гүрж.Нямдоржоос илүү зохиолч төрвөл тэр үед яах вэ?" гэх. Хариуд нь "Зуун жилд ганц тохиох зохиолч хүн шүү дээ" хэмээн нотолж, цээжээрээ хамгаалсан улс бол энэ бичвэрт ийн дөрөвдэхээ нэр цохож буй О.Цулаа багш тэргүүтэй Гүрж.Нямдоржийн ангийнхан юм.

1970 онд  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд бүх нийтийг бичиг үсэгт сургасан амжилтыг нь үнэлж, ЮНЕСКО-оос нэрт сурган хүмүүжүүлэгч Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг олгосон гэдэг. Тэр жилийн бичиг үсэгт тайлагдсан “бүх нийт”-ийн тоонд Түнэл сумын бага сургуулийн Б.Рима багштай 4А ангийн 20-иод хүүхэд багтсан биз ээ. Өдгөө тэднээс 11 нь амьд сэрүүн үлдсэний (өөрсдийнх нь хэлж буйгаар) зургаатай нь Түнэлд уулзлаа. Бага сургуулиа төгссөнөөс 50 жилийн дараа анх удаа цугласан тэд хойтон нь төрөлх сургуульдаа ангийнхаа Нямдоржийн нэрэмжит танхимыг тохижуулжээ. Гүр, Гүрж нь уран зохиолын асуудал, тэдний хувьд Нямдорж бол Нямдорж. Тэднийг тоншиж “Та нар нэг нэгнээ ямар хүүхэд байсныг яг таг санах юм уу? Тавиад жилийн өмнөх явдал шүү дээ” гэвээс “Саналгүй л. Улаан хацарласан хэдэн хүүхдүүд зодолдохдоо зодолдож, уйлахдаа уйлалдаж, инээхдээ инээлдээд л энэ хөндийд өслөө. Манай хүн бол угаасаа дуугүй, томоотой, бид л өдөж сөдөж байж л сая нэг дуугардаг хүүхэд байлаа” гэцгээв. Тэр яриаг дэмжин түүний эгч Г.Жадамбаа “Гэртээ ч тийм хүн. 1990-1991 онд хотод надтай цуг амьдарсан. Өглөө гараад оройдоо л орж ирнэ. Ойр зуурын хэдэн юм хэлээд цааш дуугарахгүй дээ. Орон дээрээ зурж, бичээд л сууж бөйна. Ширээгээр нь дүүрэн зураг. Чөтгөр, шулам шиг юм зураад сууна уу? гэхээр чөтгөр шулам гэж ийм юм байдаг уу? Та үзээ юу, би үзээгүй гэнэ. Тэр зургуудаас сүүлд сонинд хэвлэлд гарсан л байдаг юм.” гэх. Бид Түнэлийн гудамжинд Г.Жадамбаа гуайтай санаандгүй таарсан юм л даа. Өдгөө 70 гарсан ч ануухан, уржнан УБ хотын Цэцэг төвөөс аман хуур аваад оролдож байна гэсээр бидэнд ардын ая тоглож өгөв. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг байх аа!.

Танхим тохижуулсан тухай ярьж байснаа хадуурав. “Гэгээрлийн өргөө” хэмээн нэрийдсэн тус танхимыг тохижуулахаар ангийн хэд сар бүрийд авах тэтгэврийн хэдэн цаасныхаа багцаагаар нэг хүн  300 мянган төгрөг нийлүүлэхээр тохирч л дээ.  Тэгтэл ашгүй, тэр үеэр төрөөс хөл хорионы нөхөн олговор өгснийг нийлүүлжээ. Сургуулийн нэг давхрын зүүн гар талын буланд тэр танхим бий.  Ханаар нь түүний  зураг, намтар, шүлгүүд бүхий самбар эгнэнэ. Нөгөө сурагч “Эндээс л мэдэхгүй юу!” хэмээн ийшээ заасан хэрэг. Ноднингоос хойш О.Цулаа сар бүр Хатгал-Түнэл хооронд шогших болжээ. Анги, анги хэсэн Гүрж.Нямдоржийн намтар, бүтээлийг танилцуулах түүнийг сурагчид анхандаа -өвөө өвөө, одоо бол  -багш багш л гэнэ. Тэрээр “Аугаа амьтан шүү дээ. Бага сургуулиа дүүргэснээс хойш өөрөө өөрийгөө л боловсруулсан юм. Түнэлийн номын сангийн бүх номыг уншиж дуусгасан ганц хүн байх. “Сонсогчгүй академи, академигүй сонсогч”-оо тэгж л бичсэн байх. Бие даан орос, сүүлд япон хэл сурлаа. Юм мэддэг хүмүүс нь түүнийг монголын уран зохиолд зөн совингийн урсгал оруулж ирсэн гэж үнэлдэг. Тийм амьтныг битгий мартаасай гэсэндээ л хичээж явна. Манай хүн  Зохиолчдын эвлэлд ч элсээгүй, төрөөс гавъяа шагнал ч аваагүй. Тэр нь нэрэмжит болгох үед  тээг болох шахлаа. Зохиолчийг зохиолч гэдгийг шагнал, гишүүнчлэл тодорхойлох юм уу?. Энэ хүнийг монголчууд мартчихвал яах юм бэ?” гэснээ залгуулан надаас “О.Дашбалбар судлал, Р.Чойном судлал гэдэг шиг Гүрж.Нямдорж судлал бий болоосой гэж хүсэх юм. Эсвэл хотод хэдийнээ бий болсон уу?” гэхээр нь "Байгаа, байгаа. Нэг үеэ бодвол түүнийг судлах нь ихэссэн" гэж хариулав. Үнэн л  байгаа даа, таминь? 

 “Энэ цагаан мөөгийг

Дү Фүгийн ээжид өгөхсөн гэж

Дөрвөн намар бодлоо

***

Өөхөн дэнгийн Гэрэлд

Гурван марал гудайтал Суухад

Сүүдэр Минь

Мараанд орсон Буга адил

Аяархан шивэр Авирхийнэ...

***

Дээлээ цойлдон суухуй

Дэнгийн шар гэрэл хүртэл

Нөхөөстэй байна.

***

Нулимсаа нуух гэж

Баруун хойшоо харсан чинь

Бороо сая дусав

***

Хараагүй охинд

Толийг нь олж өгчихөөд

Хэсэг уйлж суулаа...

***

Түүдэг галын оч

Тэрлэгний хормой цоолоход

Ар нуруу хүв хүйтэн.

***

Гэр минь цэл хүйтэн

Галаа түлье гэтэл

Бурхнаас өөр модгүй...

***

Олон жил дэрлэсэн

Энэ дээлийг угаа юу гэтэл

Саалийн үнэр нь хайран

***

Чиний гоё зургийг

Чин зүрхнээсээ аравнайлбал

Бурхны хөрөг аж.

гэх зэрэг түүний бүтээлээс “ялгарч харагддаг голцуухан гурван мөрт шүлгүүд” (У.Бямбаням “Цаг хугацааны гаднах эр”) нь тэр хананд харин байсангүй ээ. Яагаад ч юм, хаа газрын сургуулийн хананд аль нэг зохиолчийн яг сайн шүлгийг нь сонгож тавьж чаддаггүй шиг. Жишээ нь, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” байхаас бус “Нүүдэлчний намар”, “Мөнгөн хазаарын чимээ” нь байдаггүй. За, гэхдээ хуруу байтугай хушууны нэмэргүй над мэтийн үгээр Түнэлийнхэн дутахгүй нь сайхан. 

“...Хоргодон хоргодон суулаа гээд

Хорвоогийн жаргалыг бүтнээр нь өгөөгүй ч

Од мичид шиг гялалзсан

Онгод билэг хоёроо

Эргээд заяах юм шиг

Эрх дураар нь цалгиулж

Энэ сайхан Түнэлдээ дэндүү омголон явлаа.” гэх шүлгийг анх удаа уншив. Жаргалаа бүтэн өгөөгүй хорвоод хоргодон хоргодон суух тэр  хэмээн бодвоос...

Наран шингэх үес Түнэлээс ганцаар буцлаа. Гүрж-ийн ангийнхан дуулалдаад үлдэв. “Огторгуй харахад хол шиг аад Орох л борооны түргэнийг дээ. Орчлон санахад минь хол шиг аад Очих л насны түргэнийг дээ.” хэмээн С.Эрдэнийн “Наран тогоруу”-даа бичиж асан хэзээ ч сонсож үзээгүй, аяыг нь үл мэдэх дууг аялмаар болов. Өнгөрөгч зууны тавиад оны сүүлээр төрцгөөсөн улс агаад 11-үүлээ үлдсэн гэхээр, эд яваад өгвөл  Гүрж.Нямдоржийн өвийг хойч үед залгуулах улс хэд юм бол доо?. Тааруу шүлгийг нь сонгоо юу гэж өөлөх минь ч яамай, тэд үгүй бол “Гэгээрлийн өргөө” ч үгүй, Түнэлийн сургууль ч өөр  нэгний нэрэмжит байх байлаа. “Цаг хугацаа бүхнийг шүүнэ. Жинхэнэ бүтээл цагийн шүүлтийг давдаг” гэх утгатай эл доль болсон үгсийн үнэнд эргэлзэх боллоо. Жинхэнэ, сайн гэгдэх бүтээлийг ирээдүй цаг руу зөөх учиртай одоо цагийнханд тийм дайны үнэлэмж бий ч юм уу даа. 

Сэтгэлд үлдэх аян замын тэмдэглэл цөөрчээ. Түүнд нэгийг нэмэрлэж буй эл бичвэрээ ингээд төгсгөе дөө. Амьдралыг бүхэлд нь аялал хэмээн бодвоос уран бүтээлчдийн бүтээл бүр аян замын тэмдэглэл болж таарна. Тэгвэл ч өөр хэрэг шүү, сайн, сайхан тэмдэглэл хичнээн олон бэ?. Аялал, тэмдэглэл, гэртээ харих... Харихын тулд хүнд орон гэр байх ёстой. Гүрж.Нямдорж орон гэртээ харьжээ. Түүний "Гүнд цэцэг" хэмээх түүвэрт өөртөө хаягласан

Одод нам гүмхэн

Орчлон чив чимээгүй

Бүтээлийг чинь сонсох гэж

Бетховен хөгжмөө зогсоожээ

гэх мөрт бий.  Түүнийг сонсохын тулд чимээгүй байя гэж дуусгах уу даа!. 

(Нээрэн Түнэлийн гудмаар алхангаа аав руугаа залгалаа. Суга таягтай чигээрээ ажилдаа оржээ, жолоогоо мушгижээ. “Тэнгэрээс таван цаас унаад ирэх биш, тэгээд ч зүгээр сууж чадахгүй юм” гэнэ. Ойр зуурын сонин сайхан хуваалцтал аав “Өдөртөө нэг ярьчихвал санаа амардаг юм. Боллоо боллоо” гэсээр утсаа таслав. Өнөөдрийн уулздаг хэд аавын үе. Тэднээс бага насыг нь шалгааж яваа би аавыгаа харин шалгаалуу, яалаа?. )

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 09:46

Бат-Уянгын тэмдэглэл байна

Зочин
Зочин
2022-05-26 10:41

Яагаад аав руугаа ярьдаггүй юм бэ?

Зочин
Зочин
2022-05-26 12:09

Эмормааааар санагдчихлааа... Энэ хүн хөлөө гэмтээчихэээд сэтгэлээ мэдэрч суусан цаг үе дээ.

Зочин
Зочин
2022-05-26 12:49
Reply to  Зочин

Хавар гэмтээсэн юм уу?

Зочин
Зочин
2022-05-26 12:09

Бүтээлийг чинь сонсох гэж
Бетховен хөгжмөө зогсоожээ... хэсэг ямар гоё хэлээ вэ

Зочин
Зочин
2022-05-26 13:12

Их баярл�##�аа.

Хонгороо
Хонгороо
2022-05-27 00:21

Сайхан тэмдэглэл

Зочин
Зочин
2022-06-07 16:29

Маш их та�##�агдлаа бичвэр тань

Зочин
Зочин
2022-06-07 16:29

“Огторгуй харахад хол шиг аад
Орох л борооны түргэнийг дээ.
Орчлон санахад минь хол шиг аад
Очих л насны түргэнийг дээ.”

Зочин
Зочин
2022-07-03 16:11

Сэтгэлд үлдэх аян замын тэмдэглэл цөөрчээ. Түүнд нэгийг нэмэрлэж буй эл бичвэрээ ингээд төгсгөе дөө. Амьдр�##�ыг бүхэлд нь аял�##� хэмээн бодвоос уран бүтээлчдийн бүтээл бүр аян замын тэмдэглэл болж таарна. Тэгвэл ч өөр хэрэг шүү, сайн, сайхан тэмдэглэл хичнээн олон бэ?. Аял�##�, тэмдэглэл, гэртээ харих...

Магсар
Магсар
2022-11-14 15:09

бичлэг дажгүй болжээ ер нь янз бүрийн юмыг цух�##�зуулаад орхичихлоо өөрийнхөө өөр бүтээлийг олж унших сэтгэгдэл бу�####�д төрүүлэх зорилго байвуу

Зочин
Зочин
2022-12-05 18:10

1

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button