ДЭЛХИЙЭнтертайнмент

Шүүхэд ялсан Жонни Депп: Миний амьдрал нүд ирмэхийн зуурт орвонгоороо өөрчлөгдсөн

Дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын эцсийн өдөр өнгөрсөн пүрэв гараг /2022.05.26/-т байв. Шүүх хурлаар хоёр жүжигчнээс болон олон гэрчээс мэдүүлэг авч, тангарагтны шүүхээс хэрэгт холбоотой бүхнийг хэлэлцэж, ийнхүү эцсийн шийдвэр гаргалаа.

Уг нь шүүх хурлыг тавдугаар сарын 19-нд пүрэв гарагт дуусгана хэмээн төлөвлөж байсан ч чухал чухал нотлох баримт сэлт, мэдээллүүдийг бүрэн үнэлэхийн тулд нэмэлт цаг авч, хугацааг сунгасан. Шинээр товлосон эцсийн хугацаа тавдугаар сарын 27-нд байсан ч нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 26-нд шүүх хурал дууссан.

Тангарагтны шүүхээс Эмбер Хердэд Жонни Деппийг гүтгэсэн гэх үндэслэлээр 15 сая ам.долларын торгуулийн шийтгэл ногдуулав. Энэ талаар “The Washington Post” агентлаг мэдээллээ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь, Жонни Депп Эмбер Хердийн нэр хүндийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гутаан доромжлох гэж оролдсон хэмээн дүгнэж, Эмбер Хердэд хоёр сая ам.доллар төлөхөөр боллоо.

Ингээд Жонни Депп хэдэн долоо хоног үргэлжилсэн дуулиан шуугиант шүүх хуралд ялалт байгуулав. Тэрбээр Эмбер Хердийн эсрэг шүүх хуралд ялалт байгуулснаа зарласны дараа мэдэгдэл хийсэн юм. Түүний эл мэдэгдлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна.

  • Зургаан жилийн өмнө миний амьдрал, миний хүүхдүүдийн амьдрал, ойр дотны минь хүмүүсийн амьдрал, мөн намайг олон жилийн турш дэмжсээр, итгэсээр ирсэн бүх хүмүүсийн амьдрал үүрд өөрчлөгдсөн.
  • Шууд утгаараа нүд ирмэхийн зуур өөрчлөгдсөн. Намайг албан ёсоор буруутай гэсэн ямар ч шийдвэр гараагүй байхад миний эсрэг худал, ноцтой, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, эцэс төгсгөлгүй үзэн ядалтын урсгал бий болсон.
  • Энэ бүхэн бараг л секундын дотор дэлхийгээр нэг тархаж, миний амьдрал, миний карьерт газар хөдлөх мэт нөлөөлсөн. Ингээд эцэст нь зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг надад эргүүлэн өглөө. Надад үнэхээр таатай санагдаж байна.
  • Миний өмнө тулгарах хууль эрх зүйн бүхий л саад тотгор, энэ бүхэн дэлхийн хэмжээнд ямархуу зүйл болох талаар нухацтай бодож үзсэнийхээ дараагаар л би энэ хэргийг нэг тийш нь эцэс болгохоор шийдсэн.
  • Энэ шүүх хурал анхнаасаа шийдвэр нь ямар гарсан ч бай үнэн мөнийг илчлэх зорилготой байсан. Би үнэнийг хэлэх үүрэгтэй байсан. Би хүүхдүүдийнхээ өмнө өртэй, надад эцэс төгсгөлгүй итгэдэг тэдгээр бүх хүмүүст бас өртэй.
  • Эцэст нь би тайвшралыг олж авлаа, үүний ард гарч чадсан гэдгээ олж мэдээд, дэлхийн өнцөг булан бүрт хэчнээн их хайр, асар их дэмжлэг, сайхан сэтгэл надад ирж байсанд сэтгэл минь үнэхээр догдолж байна. Үнэнийг илчлэх гэсэн миний эрхэм зорилго яг над шиг ийм нөхцөл байдалд орсон эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бусад хүмүүст тус болсон байх гэдэгт итгэж байна.
  • Мөн шүүх, хэвлэл мэдээллийнхэн шүүхээр нотлогдох хүртэл хүн бүр гэм буруугүй гэсэн зарчмыг дагах байх гэдэгт найдаж байна.
  • Энэ мөчийн төлөө цаг заваа зориулсан шүүх, тангарагтны бүрэлдэхүүн, шүүхийн ажилтнууд, цагдаа нарын нарын эрхэм үйлсийг би мөн үнэлж, талархмаар байна. Надад үнэнийг илчлэхэд минь тусалсан хичээнгүй, гуйвшгүй хуульчдын багийнхаа талаар би бас дуугүй өнгөрч чадахгүй нь.
  • Сайн сайхан бүхэн өмнө минь байна. Бас бүх зүйл цоо шинээр эхэлж байна.

Ингээд эцэстээ, шүүхийн шийдвэрээр Эмбер Херд Жонни Деппэд 15 сая ам.доллар төлөх ба үүнээс 10 сая ам.долларыг нэр төрд нь халдсан гэх зүйл заалтаар, харин үлдсэн 5 сая ам.долларыг өмгөөллийнх нь төлбөрт төлөхөөр боллоо.

Эх сурвалж: The Washington Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button