Нийгмийн

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төлсийг эцэслэн баталлаа

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.03/ УИХ-аар хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хийлээ. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 3 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 72.7 хувийн саналаар тус тус дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Ингээд, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтаар төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэн. Санал дэмжигдсэнээр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглах бөгөөд үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах болов. Мөн итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээ олгох бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглох юм байна.

Санал хураалтаар аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх санал дэмжигдсэн.

Түүнчлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button