Энэтхэг: Ач төрүүлж өгөөгүй гэх шалтгаанаар хүүгээ шүүхэд өгчээ
Энэтхэгийн Уттаракханд мужид амьдардаг өндөр настан гэр бүл болох Санжив Прасад эхнэр Аданагийн хамт төрсөн хүү, бэрээ шүүхэд өгсөн байна. Ёс суртахууны хувьд хохирол учруулсан, өөрөөр хэлбэл ач, зээ төрүүлж өгөөгүй хэмээн ийнхүү гомдол гаргажээ. Энэ талаар “Times of India” мэдээлэв.
Эцэг, эхийнх нь үзэж байгаагаар тэдний төрсөн хүү Шри Сагар нь 2006 онд Америкт суралцаж, төгссөнийхөө төлбөр мөнгийг эцэг, эхдээ нөхөн төлөх ёстой гэнэ. Эцэг, эх нь хүүдээ ойролцоогоор 65 мянган ам.доллар зарцуулсан аж. Мөн хүүгийнхээ хуриманд зориулж орчин үеийн үнэтэй машин бэлэглэж, бал сард нь зориулж 80 мянган ам.доллар зарцуулсан байна.
Мөн эцэг нь эдийн засгийн хямралын улмаас ажилгүй байх хоёр жилийн хугацаанд нь хүүдээ мөнгө санхүүгээр тусалж байсан тухайгаа шүүхийн нэхэмжлэлдээ хавсаргасан аж.
Хүү Шри Сагар нь 2016 онд хуримаа хийсэн ч зургаан жилийн дараа ач, зээ төрүүлээгүй учир эцэг, эх нь гомдоллож эхэлсэн байна.
“Бид бэрээ төрсөн охин шигээ санадаг ч тэр манайд бараг ирдэггүй. Тиймээс бид сэтгэл санааны хувьд хэцүү байдаг. Хэрэв бэр маань ажил ихтэйгээсээ болоод хүүхэд төрүүлж, өсгөж чадахгүй бол бид хоёрт өгвөл өсгөөд өгч чадна гэж түүнд зөндөө захиж хэлсэн. Бид одоо мөнгөгүй болсон. Байгаа бүх хөрөнгөө хүүгийнхээ боловсрол, хуриманд зарцуулсан” гэж Сагарын аав ярьсан юм.
Эцэг, эхийнх нь итэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ, хүүгийнхээ эсрэг гаргасан тэдний нэхэмжлэл бүрэн үндэслэлтэй гэдгийг онцлов. Учир нь, тэд өөрт байгаа бүх хөрөнгөө хүүдээ зарцуулсан тул эргээд эцэг, эхдээ хариуг нь барих учиртай аж. Үндсэндээ, хүүгийн үүргээ биелүүлээгүй гэх бүрэн үндэслэлтэй юм байна.
Эх сурвалж: Times of India
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.