НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль ёс | Эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болдоггүй

2026 оны эхний найман сарын байдлаар хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбоотой нийт 188 зөрчил бүртгэгджээ. Үүний 93 буюу 49.5 хувь нь нийслэлд, 95 буюу 50.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Шинэчилсэн Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг наснаас нь хамааруулан тогтоодог болсон. Тухайлбал, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний 50 хувь, 11-16 насны болон 16-18 хүртэлх насныхан сургуульд суралцаж байгаа тохиолдолд амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг сар бүр олгохоор заажээ.

Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлэг сарын 271 850 төгрөг, 11-16 насны болон 16-18 хүртэлх насны сургуульд суралцаж байгаа хүүхдийнх 543 700 төгрөг байна.

Харин шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх хүүхдийн тэтгэлгийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулдаг.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тайлбарласнаар хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх нь зөвхөн эцэг, эхийн хоорондын маргаан бус, хүүхдийн амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотой асуудал юм. Эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болдоггүй аж.

Улсын байцаагч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй бол хүүхдийн тэтгэлгийг албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцдаг.

 Тухайлбал, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр Э.О-гоос дөрвөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоосон ч тэрбээр гурван жилийн хугацаанд тэтгэлгээ төлөөгүй байна. Улмаар 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн шийтгэврээр түүнийг 10 хоног баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ.

Нөгөө талаар гэр бүл салалт өсөж байгаа нь хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хөндөх нэг шалтгаан болж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр сүүлийн таван жилд гэрлэлтийн тоо 16 мянгаас 12 мянга болж буурсан бол гэр бүл салалт 2021 онд 3391 байсан нь 2025 онд 4493 болж нэмэгджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button