2027 оноос салсан эцэг, эх хүүхэдтэйгээ уулзахад саад учруулбал 200 мянган төгрөгөөр торгоно

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2027 оноос эхлэн бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд үүнд салсан эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах үүргээ биелүүлээгүй эсвэл уулзахад нь санаатайгаар саад учруулсан тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалт тусгагджээ.
Хосууд хоёр тийш болсны дараа нөгөө талдаа хүүхдийг нь уулзуулахгүй хориглох, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж дарамт учруулах зэрэг асуудал олон гардаг байна. Өнөөдрийг хүртэл эдгээр асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулсан тодорхой заалт байгаагүй бол Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг асуудлыг тусгайлан тусгаж өгчээ.
-Хуулийн шинэ зохицуулалт-
Гэр бүлийн тухай хуулийн 13.6.2-т "Хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эхийн хүүхэдтэй уулзах хуваарь, нөхцөл, хэлбэр, байршил, хугацаа"-г тодорхойлно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, шүүх гэрлэлт цуцлахдаа хүүхдээс тусдаа амьдрах эцэг эсвэл эхийн уулзах хуваарь, нөхцөл, хэлбэр, байршил, хугацааг шийдвэртээ албан ёсоор нарийвчлан тусгахаар болжээ.
Үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэгт зааснаар уулзах үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл уулзахад удаа дараа саад учруулсан бол 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байна. Уг зохицуулалт 2027 оноос хэрэгжиж эхэлнэ.
Манай улсад жилд гэр бүл цуцлуулах хосуудын тоо жилээс жилд өссөөр байна. Тодруулбал, 1990-ээд онд жилд 1,000 хүрэхгүй салалт бүртгэгддэг байсан бол өнөөдөр энэ тоо 4,000-ыг хол давжээ. Үүний ард 50 мянга гаруй хүүхэд өнчирч хоцорч байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.