Нийгмийн

БАЙР СУУРЬ: Худалдан авч буй хүнснийхээ хаяг шошгыг шалгадаггүй ч, чанар аюулгүй байдалд эргэлздэг

Эмээлтэд хадгалж байсан өмхий, бодистой махны асуудлын улмаас ард иргэд хүнсний аюулгүй байдалд эргэлзэж эхэлсэн. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүний баталгаатай байдалд итгэх итгэл хэр байгааг сонирхлоо.

-МАХ ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАТАЙ ҮЕДЭЭ ХААНААС АВАХАА БОДОЖ БАЙНА-

Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал  сэтгэл зовоож, баталгаагүй санагдаж байна. Манайх цөөхөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй учраас хүнсний аюулгүй байдлын шаардлага хангах боломжтой санагддаг. Хүнсээ авахдаа хугацааг нь л харж авдаг. Цаашдаа гарал үүслийг нь ч бас харах хэрэгтэй гэж бодож байна. Манайх жижиглэнгээр төдийлөн мах авдаггүй, өвлийн идшээрээ махны хэрэглээгээ бэлдчихдэг. Зуны улиралд мах авах шаардлага гарвал хаанаас авах талаараа бодож л байна.

-ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА, ГАРАЛ ҮҮСЛИЙГ ХАРЖ БАЙГААГҮЙ-

Өгөөжид ажиллаж байсан ахаасаа буцаалтын бүтээгдэхүүнийг холиод дахиж савладаг гэхчлэн зүйл сонсож байсан. Бүтээгдэхүүний аюулгүй байдалд хангалттай баталгаа байдаггүй юм байна гэж бодох болсон. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа үйлдвэр, он сарыг нь л хардаг болохоос найрлага, гарал үүслийг нь харж авдаггүй.

-НОГООГОО ӨӨРСДӨӨ ТАРЬЖ, МАХАА ХӨДӨӨНӨӨС АВДАГ-

Манайх өөрсдөө ногоогоо тарьдаг. Бусад хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг заавал асууж, лавладаг. Махаа хөдөөнөөс худалдаж авдаг болохоор өөрийнхөө хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ аюулгүй гэж бодож байна. Харин олон нийт хүнсний аюулгүй байдлыг баталгаатай гэж бодохгүй байгаа нь сүүлийн үед цахим хуудсуудаас ажиглаж байна.

-ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ӨӨРСДӨӨ НЯГТЛАХ БОЛОМЖТОЙ-

Хүнсний аюулгүй байдлыг 100% баталгаатай гэхгүй. Гэхдээ дэлгүүрүүд сонголт сайтай болсны хажуугаар он сар, найрлагыг өөрөө харж нягтлаад авах боломжтой. Тийм учраас аюултай гэж бодохгүй байна. Гурилан бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрийнхээ гурилаар өөрөө хийдэг.

-ШАЛГАЛТ ТААРУУ УЧРААС АРИУН ЦЭВЭР МУУ БАЙНА-

Хяналт шалгалт муу байдаг учраас хүнсний ариун цэвэр, хадгалалт хэвийн биш байдаг юм болов уу гэж боддог. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа гарал үүслийг нь шалгаж авдаггүй. Манайх махаа Хүчит шонхор захаас авдаг.

-ХҮМҮҮС НӨӨЦИЙН МАХАНД Ч ИТГЭХЭЭ БОЛЬСОН-

Эмээлтийн махны асуудлыг сонсоод зарим хүмүүс мах авахаа болъё гэж ярьж байна билээ. Аюултай, баталгаагүй санагдаж байгаа учраас би ч мах идэхээ больё гэж бодож байна. Нөөцийн мах чанарын хувьд гайгүй ч сүүлийн үед хүмүүс итгэхээ байсан. Би ерөнхийдөө мах иддэггүй, зайлшгүй мах авах шаардлага гарвал Хүчит шонхор захаас авдаг.

-ХУДАЛДАГЧ НАР УУРЛАДАГ УЧРААС ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙГ АСУУЖ ЧАДДАГГҮЙ-

Хүнсний аюулгүй байдал ямар ч баталгаагүй гэдгийг бүгдээрээ л мэддэг боллоо шүү дээ. Худалдаж авч байгаа хүнснийхээ гарал үүслийг нь шалгая гэвэл худалдагч нар нь уурлаж, дургүйцэх байх гэж бодоод шалгаж авдаггүй.

-ХӨДӨӨНӨӨС МАХАА АВАХ НЬ БАТАЛГААТАЙ-

Хүнсний аюулгүй байдлыг сайн гэж хэлэхэд хэцүү. Махаа аль болох хөдөөнөөс авдаг. Махны хэдэн үйлдвэрийн үймээнээс болоод багагүй шуугиан дэгдсэн. Тийм болохоор хөдөө орон нутгаас махаа авах нь баталгаатай санагдаж байна.

-70 МЯНГАН МАЛТАЙ МӨРТЛӨӨ МАХАА ХЯТАДУУДАД ХАРИУЦУУЛЖ БОЛОХГҮЙ-

70 мянган малтай мөртлөө махаа хятадуудад хариуцуулчихсан байж болохгүй. Энэ асуудал дээр төр засаг анхаарах хэрэгтэй. Доод шатны хүмүүс ч бас үүрэг даалгаврыг биелүүлж, шаардлагын дагуу ажиллаж чадахгүй байна. Тийм учраас махны аюултай асуудал гарч ирлээ. Махаа өөрөө хараад сонгож авдаг болохоор гарал үүслийг нь шалгадаггүй. Гарал үүсэлтэй холбоотой бичиг баримт нэхвэл урдаас худалдагч нь уурлана шүү дээ. Махаа Хүчит шонхор захаас авч байгаад болиод одоо нөөцийн махнаас авч байна.

Ийнхүү иргэд худалдан авч байгаа хүнс, махны эрүүл ахуйн шаардлагад эргэлзэж, сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв.

Н. АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-08 08:15

Иргэд ойр хүнсний дэлгүүртээ ирснийг л авч байгаа даа

Зочин
Зочин
2022-06-08 08:15

Бүтээгдэхүүний шошгоо хараад сурмаар байна

Холбоотой мэдээ

Back to top button