Турк: Цагдаа нар ЛГБТ нарын хөдөлгөөнд оролцсон 200 гаруй оролцогчийг саатуулжээ

Истанбул хотын цагдаа нар ЛГБТ нарын “Бахархлын өдөр” хөдөлгөөнд оролцсон 200 гаруй оролцогчийг саатуулжээ. Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд 100 мянган гаруй хүнтэй жагсаал болсноос хойш Истанбул хотын эрх баригчид ЛГБТ нарыг жагсаал зохион байгуулахыг хориглосон. Энэ жилийн хувьд ч хориг хэвээр үйлчилж байгааг үл харгалзан хүмүүс жагссан.
Тус улсын ЛГБТ нийгэмлэгийн төлөөлөгчдийн эрх, эрх чөлөөг дэмжсэн жагсаалын үеэр 200 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан талаарх мэдээллийг “Agence France-Presse” агентлаг онцолжээ.

Жагсаалд оролцогчид Истанбул хотын төв талбайн эргэн тойронд гудамжаар цаг орчим хэртэй алхаж, “Та ганцаараа биш” гэсэн уриа лоозон барин жагсжээ.
Жагсаал болсон өдрийн өглөө нь цагдаа нар хотын төвийн дүүргийг бүсэлсэн аж. “Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, хамгаалалтын албаныхан жагсаал эхлэхээс өмнө цугларсан бүх хүмүүсийг, тэр тусмаа хэвлэл мэдээллийнхнийг болон бааранд сууж байсан хүмүүсийг баривчилж эхэлжээ. Саатуулагдсан хүмүүсийн дунд “Agence France-Presse” мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Бюлент Килич байгаа аж.
Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын “Твиттер” хуудсанд “Истанбулын цагдаа нар Киличийг баривчлах зуршилтай болсон бололтой” хэмээн сэтгүүлчийг саатуулсан явдлыг буруушаажээ.
Жагсаал зохион байгуулсныхаа төлөө саатуулагдсан хэнийг ч нэн даруй, болзолгүйгээр суллах ёстой” хэмээн “Эмнести Интернэшнл” мэдэгдэлдээ дурджээ. Орой нь баривчилсан хүмүүсийн заримыг сулласан хэмээн “Agence France-Presse” мэдээлэв.
Эх сурвалж: Agence France-Presse
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.