ВИДЕО КОНТЕНТ

ТОЙМ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн хэлцэл эхэлж, Д.Сумъяабазар байгаа оноогүй долоо хоног

Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис, Э.Булган нар өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

НЭГ: Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй хэлцлээ эхлүүлэв

Баасан гарагт ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан нээлттэй захидал бичсэн. Үүндээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар хэлцэлд оръё гэсэн агуулга багтаажээ.

Харин лхагва гарагт нь Засгийн газар хуралдаж, эл 49 хувийн асуудлаар яг ямар хувилбараар хэлцэлд орохыг хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг баталсан гэгдсэн. Өмнө нь буюу 2021 оны арванхоёрдугаар сард Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг Д.Эрдэнэбилэгийн талтай уулзан, түүний нэр холбогдох зээлүүдийг 49 хувийн төлбөрт суутган тооцох санал тавьсан байдаг. Үүнд Хөгжлийн банкны зээлүүд ч багтаж байсан юм.

Гэвч он гараад Хөгжлийн банкны дуулианыг хүчээр үлээж, Д.Эрдэнэбилэгийн өмчүүдийг хурааж эхэлсэн нь хэлэлцээрийн ширээ рүү хүчээр түлхсэнийх гэлтэй. Ямартай ч "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьд ноогдох 1.1 их наяд төгрөгийг хэрхэх талаар хэлцэл өдгөө эхэлсэн гэж ойлгогдож байна. Нэг талд баатар, нөгөө талд мангас байгаа мэт жүжигчилсэн хэлбэрээр улс төр явахаас илүү ЗГ нь дотоодын нөлөө бүхий хөрөнгө оруулагчтайгаа арга эвээ ололцож, асуудлаа мухарлаж байвал авууштай юм.


ХОЁР: Хотын дарга хад мөргөв

Нийслэлчүүдийн шүдний өвчин болсон асуудал бол түгжрэл. Хотын дарга түгжрэлээс салах арга хайж, хайж хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох нь зүйтэй гэж үзжээ. Гэвч түүний энэ санал, санаачлага хад мөргөв. Өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эл асуудлыг хэлэлцсэн бөгөөд дийлэнх нь Үндсэн хууль дахь хүний эрхийн заалтыг зөрчсөн гэж үзэн, дэмжээгүй аж. Бид иргэдээс байрь суурийг нь асуухад ч иргэдийн дийлэнх нь ийм л байрь суурин дээр зогсож байсан. Харин цөөн хэд нь Улаанбаатарын түгжрэл, хүн амын бөөгнөрлөөс салах өөр арга үгүй хэмээж байсан юм.

Манай улс 2021 онд 3,409,939 хүн амтай гэж тоолуулсан байгаа юм. Эдгээрийн талаас илүү нь буюу 69.5 хувь Улаанбаатарт амьдарч байна. Харин 30.5 хувь нь 21 аймагт амьдарч байгаа аж. Шулуухан хэлэхэд, монголчууд Улаанбаатарт "үүрлэчхээд" буй. Тэр утгаараа хотын дарга үүнийг зогсооё гэж бодож. Гэхдээ нөгөө талдаа хүний эрхийг зөрчих гэж оролдох нь буруу юм. Хөдөөнийхнийг хөдөө нь хашиж, хүний эрхийг уландаа гишгэхийн оронд орон нутагт ажлын байруудыг олноор бий болгож, тийш чиглэх хөдөлгөөнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах нь зөв биз ээ.


ГУРАВ: Дарханы зам, үйлтэй зам

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Ямар үйлийн үрээр Дарханы замтай учрав аа" гэж дуу алдсан гэдэг. Үнэхээр ч урт хугацаанд ард түмний хийгээд улстөрчдийн бухимдах сэдэв болсоор ирсэн Дарханы зам дээр пүрэв гарагт Ерөнхий сайд өөрөө очиж ажиллалаа.

Өмнө нь хурал хуй болж, УИХ-ын чуулганы танхимаас үүрэг чиглэл өгч л байсан уу гэхээс Засгийн газрын тэргүүн нь очихдоо тулж байсангүй. Харин тэнд ширүүн уур амьсгал бий болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэийн зүгээс зөвлөх болон туслан гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэгч гадаадын компаниудын төлөөллийг загнав.

Тэрбээр "Та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч байгаа. Мөн төслийн гүйцэтгэлд аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Мөн бусад холбогдох хариуцлагын асуудлыг өөрсдийн төв Засгийн газарт тань тавина" хэмээсэн.

Энэ талаарх дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Нэг бол цуцална, нэг бол хариуцлагажуулаад урагшилна, өөр аргагүй гэдгийг Засгийн газар энэ үеэрээ илэрхийлсэн. Иймд Дарханы зам нэг тийшээ болоход багагүй түлхэц болох болов уу гэсэн хүлээлт байна.


ДӨРӨВ: Хувийн өмч нийтийн өмч биш!

Хувийн өмч бол төрийн өмч. Төр ингэж хэлээгүй ч, үйлдэл бүр нь ингэж хэлээд байна. Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын 49 шавар гэрийг албадан буулгасан. Үүнийхээ араас НЗДТГ Баянзүрх дүүргийн 13-р хороололд байрлалтай “East” төвийн шатсан барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн албан мэдээ цацав. Тухайн газрыг өмчлөгч ААН-тэй уулзалт, хэлэлцэл хийгээгүй хэрнээ мэдээ цацаж, бүдүүлэг загнав. Албан мэдээндээ "Эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж байна" гэх өгүүлбэр шигтгэсэн байгаа юм. Бүдүүлэг гэхэд хэт бүдүүлэг төр. Нөгөө талдаа тухайн газрыг эзэмшиж буй компанийн захирал хотын даргын хамаарал бүхий хүн байж магад байгаа юм.

Хардах өнцөг нэг: Тус газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Тус компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захирал, хувьцаа эзэмшигчээр Хатбаатарын Золжаргал гэж хүн байна. Гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Хамгийн сонирхолтой нь тус компани эл газрыг 2022 оны гуравдугаар сараас эхлэн өмчилсөнд байгаа юм. Ямар ч яриа хэлэлцэл хийгээгүй хэрнээ шууд л албан мэдээ явуулж, буулгана гэгдсэн нь Д.Сумъяабазар өөрийн хамаарал бүхий хүн рүү эл газрыг шилжүүлж, нураах гэж байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлсэн болно.

Хардах өнцөг хоёр: Эзэмшигчтэй гэрээ хэлэлцэл хийгээгүй хэрнээ харуулын ажилтанд долдугаар сарын 1-нд нураана гэж итгэл төгс хэлсэн нь анхнаасаа тухайн газрыг өөрийн хамаарал бүхий хүн рүү шилжүүлүүлж, тохирсон байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлсэн.


ТАВ: Хаахын өмнөх долоо хоног дахь УИХ-ын сонин, хачин

УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногт буюу Үндэсний их баяр наадмын өмнөхөн хаах учиртай. Харин үүний өмнөх долоо хоногт гишүүд ҮХНӨ-ийг сурталчилж, иргэдийн саналыг авахаар тойрог, тойрогтоо ажиллаад ирсэн.

Хэдий сөрөг хүчний гишүүд хүрч ирээд "Сонгогчид маань ҮХНӨ-г дэмжихгүй байна, харин үнийн өсөлтийг л ярьж байна" хэмээсэн ч УИХ-ын дарга өөрөө энэ асуудлыг хөндөв. "Зун амрахгүй шүү, үнийн өсөлт дээр ажиллана" гэсэн томоохон илэрхийлэмжийг УИХ-ын чуулганы индэр дээрээс шидсэн.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахад чиглэсэн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж, алх цохиод шийдэх хэмжээнд ирэв. Ингэмэгц Д.Ганбат өөрөө түрүүлж мэдэгдэл хийн, бүлгээ тарааж буйгаа зарласан. Ингэчихээр хуулиараа бүлэг тардаг гэж УИХ-ын дарга тайлбарлав. Энэ нь МАН-д, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд, мөн С.Эрдэнэд ямар ашигтай тусах нь анхаарал татна.

Мөн АТГ-аас УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг ил болголоо. Энэ тухай дэлгэрэнгүй инфографикууд хийж ажилласныг энд дарж үзээрэй.


ЗУРГАА: Онооны төлөөх уралдаан

Монголчууд уралдаанч ард түмэн. Ерөнхий боловсролын сургуульд ормогц шалгалт авч, дүнгээр нь уралдуулна. Их дээд сургуульд элсэхэд нь хүртэл уралдуулна. Наадмаар морьдоо, бөхчүүдээ ч уралдуулна.

Өнгөрсөн долоо хоногт ЭЕШ хэмээх томоохон уралдаан боллоо. Эл уралдаанд ДАРХАН-УУЛ аймгийн сурагчид тэргүүлж, БУЛГАН аймгийн сурагчид сүүл мушгижээ. Уг томоохон уралдаанд оролцохын өмнө сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгч, мөн л уралддаг. Гүйж явахдаа 400 оноо "шүүрч" чадаагүй бол их дээд сургуульд орох эрхээ хасуулдаг юм. Ер нь жил бүрийн монгол хэл, бичгийн уралдаанд Баян-Өлгий аймгийн сурагчид хоцордог. Энэ жил ч нэлээдгүй сурагч хоцорч, хүссэн их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон нэгэн казах сурагч амиа хорлохыг завдсан гэгдээд буй.

Үүний шалтгаан нөхцөл нь сурах бичгийн хангамжгүй, чанаргүй байдал, монгол хэлний багш нарын боловсролгүй байдалтай шууд холбоотой хэмээн ЭЕШ-ын дараа М.Рысбек гэх иргэн хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлсэн. Мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсен "Авлигач багш нараас болж Баян-Өлгийн сурагчид монгол хэлээр доогуур жагсаж байна" хэмээн манайд өгсөн ярилцлагын үеэрээ онцолсон билээ. Иймд олон жил Баян-Өлгийн сурагчид монгол хэл бичгийн шалгалтад сүүл мушгиж буйд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан судалгаа, шинжилгээ хийж, мэдлэг, чадвартай багш нарыг тийш нь бодлогоор томилох гэх мэтээр сууриар нь харж, хандах биз ээ.

М.ТЭНГИС, Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-07-03 13:11

За баярл�##�аа. Төр-Засгийн нөхдүүд эе эвээ олж ойлголцвол болж байна Аливаа ажилд хамтарч ард түмний төлөө л хийгдвэл сайн.Ажлын амжилт хүсье !

Холбоотой мэдээ

Back to top button