Нийгмийн

Хавдрын мэс засал, хими эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах арга хэмжээ авлаа

Дэлхийн улс орнуудад болон Монгол Улсад хорт хавдрын өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсаар байж хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай, эмчилгээний хүлээгдэл тулгамдсан асуудлын нэг байсаар байна. ДЭМБ-аас тооцоолон таамагласнаар 2040 он гэхэд манай улсад 11,647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол,  хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргасан.

Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог сүүлийн хоёр жилээр харахад, 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний 5 байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7%, ходоодны хорт хавдар 16.1%, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5%, улаан хоолой 5.7%, умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ийг эзэлж байгаа ба нийт 67.2%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна. Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна.

Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт 55, нийслэлд 136 хавдрын ор ашиглагдаж байгаа бөгөөд хавдрын нарийн мэргэжлийн эмч орон нутагт 35 эмч, нийслэлд 48 эмч байна.

Дэлхий улс орны химийн эмчилгээнд 300 гаруй нэр төрлийн бай болон хосолсон эмчилгээг хэрэглэж байгаа ба манай улсад 60 гаруй төрлийн химийн эм, 8 төрлийн бай эмчилгээг хийж байна. 2021 оны 03 сарын 01-ээс эхлэн хорт хавдрын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болгож тушаалыг өөрчилсөнөөр хими эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулан, мэргэжлийн эмчтэй аль ч эмнэлэгт хийх боломжийг олгосноороо давуу талтай болгосон. 2021 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 79.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ. 2021 онд хавдрын хими эмчилгээг 7000 тохиолдолд, бай эмчилгээ 2459, 2022 оны 2-р улирлын байдлаар 2900 хими эмчилгээний тохиолдол, 1938 бай эмчилгээг  хийсэн байна.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрөлийг сааруулах үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэн  ажиллаж байна. Энэ хүрээнд 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд  мэс заслын эмчилгээг амжилттай  хийсэн байна. Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байна.

 Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна.
2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 320,795 хүн хамрагдсанаас 142,465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178,330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.
Хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдарын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүдэд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
31-45 насныханы дунд ходоодны өмөн 38.5%, хөхний өмөн 19.2%, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15,4%-ийг эзэлж байна.
46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9%, ходоодны өмөн 26.5%, хөхний өмөн 8.8%-ийг эзэлж байна.
Харин 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38.0%, ходоодны өмөн 31.5%, улаан хоолойн өмөн 9.8%-ийг эзэлж байна.
Дээрх тохиолдлыг тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гэвч хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байна.

Иймд хавдарын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулж байна. Үүнд:

  1. 400.0 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
  2. 34 саяын үнэ бүхийэхоны аппарат,
  3. 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
  4. 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
  5. 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микрескоп
  6. 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскопи
  7. 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ  үзүүлэх санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж  өнөөдрөөс  УБ хотод ба орон нутагт  төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр боллоо.  
Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний  хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно. Мөн тодорхой хэмжээнд УБ хотын түгжрэлд ч эерэгээр нөлөөлөх болно гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button