Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.75 нэгжээр өсгөсөн нь ам.долларын инфляцыг үргэлжлүүлэх үү
АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банкны удирдах албан тушаалтнууд хуралдаж, бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа өсгөлөө. Төв банк богино хугацаанд зээлийн хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж, зорилтот түвшинд 3.75-4.0 хувь болгосон. Энэ нь гурван улирал дарааллаж бодлогын хүүгээ нэмэхийг зөвшөөрч, инфляцыг бууруулах мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй үйл явц юм. Уг шийдвэрийг АНУ-ын завсрын сонгууль болохоос долоо хоногийн өмнө гаргаад байна.
Олон долоо хоногийн турш Холбооны нөөцийн сан бодлогын хүүг өсгөх эсэх асуудал дэлхий нийтийн анхааралд байлаа. Учир нь улс орон бүр экспорт хийхдээ ам.доллароор арилжаалдаг. Тиймээс ам.долларын инфляц аль ч улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлж байгаа юм.
Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж байна гэсэн үг. Ингэснээр зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт буурдаг онолтой. Тиймээс АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүг өсгөх нь зах зээлд ам.долларын нийлүүлэлтийг бууруулах юм. Мөн ам.долларыг бусад валютын эсрэг чангаруулна гэсэн үг.
Бодлогын хүүгийн өсөлт нь АНУ-д хэрхэн нөлөөлөх вэ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг нэмэх нь дараах өөрчлөлтүүдийг дотооддоо харуулдаг байна.
1.Ажлын байр, цалинд нөлөөлнө.
Бодлогын хүүг өсгөснөөр АНУ-д эдийн засгийн өсөлт удааширч эхэлнэ. Эдийн засаг удааширснаар ажлын байр хомсдож, цалингийн хэмжээ багасах юм. Тухайлбал, тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр ажлын байрны өсөлт нь энэ онд дунджаар 420 мянга байсан бол өнгөрсөн он буюу 2021 онд 562 мянга байжээ.
2.Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд бусаар нөлөөлнө.
3.Хэрэглээний зээлийн хүү өсдөг.
Автомашин, ипотек гэх мэт бусад бүх төрлийн урт хугацааны хэрэглээний зээлийн хүү өсдөг. Ингэснээр зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо буурдаг байна. АНУ-д мөнгөний хатуу бодлогын улмаас эдийн засаг удаашралтай байгаа. Тиймээс орон сууцны борлуулалт болон барилгын ажил удаашралтай байна. Үүний улмаас ипотекийн зээлийн хүү өнгөрсөн долоо хоногт сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд буюу долоон хувьд хүрчээ.
4.Зээлийн картны хүү өөрчлөгдөнө.
Төв банк зээлийн хүүгээ нэмбэл зээлийн картны хүү ч дагаж нэмэгддэг. Учир нь ихэнх зээлийн картны хүү Төв банкны зээлийн хүүтэй адил байдагтай холбоотой ажээ.
Дэлхийн улс орнуудад нөлөөлөх нь
Дэлхийн эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын бодлогын хүү нэг нэгжээр өсөхөд хөгжиж буй орнуудын хөрөнгө гадагшлах урсгал 45 хувиар нэмэгддэг байна. Товчхондоо хөгжиж буй манай улстай ижил төсөөтэй улс орны өрийн түвшин нэмэгдэж, эдийн засагт сөрөө нөлөө үзүүлнэ гэсэн үг. Улмаар зарим улс орон валютын хямралд өртөх юм.
Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогын улмаас олон улс орны валют суларсан жишээ 2018 оны аравдугаар сард тохиож байлаа. Жишээлбэл, Аргентины песо 52, Туркийн лира 38, ОХУ-ын рубль 15, БНХАУ-ын юань зургаан хувиар тус тус суларсан юм. Тухайн үед 170 орчим валютын 52.4 хувь нь дөрөв хүртэлх, 31.2 хувь нь дөрвөөс илүү хувиар суларч байжээ.
Тэгэхээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг гэсэн үг. Цаашдаа цар тахлын дараа эдийн засгаа сэргээх гэсэн улс орнуудад шууд нөлөө үзүүлэхээр байна. Инфляцын дарамтад өртсөн хөгжиж буй орнуудад ам.долларын инфляц дахин дарамт үзүүлэх эрсдэлтэй болж байгаа юм.
Манай улсад хэрхэн нөлөөлөх вэ
Манай улсад валютын албан нөөц есдүгээр сарын эцсийн байдлаар 3.5 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа ажээ. Энэ талаар Монголбанкны Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн гадаад улсын валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар байгаа нь 3-4 сарын хэрэглээ гэдгийг мэдээллэж байсан. Валюын гол орлогоо нүүрснээс авдаг манай улсын хувьд импортоо давсан экспорт хийж байж валютын нөөцөө нэмэх боломжтой. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн боловч валютын нөөц нэмэгдэхгүй байгаа юм. Учир нь зарим экспортынхоо орлогыг урьдчилж авсантай холбоотой гэдгийг хэд хэдэн албаны эх сурвалж хэвлэл мэдээллээр дурдаж байв.
Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал энэ талаар Уул уурхайн долоон хоногийн үеэр "Их хэмжээний нүүрс гарсан ч валют нэмэгдэхгүй байгаа нь орлогоо урьдчилж авснаас үүдсэн. Орлогоо урьдчилж авсны дараа хил гаалийн асуудал үүсэж, цөөн тооны машин экспорт хийдэг байсан тул одоо гэрээний мөнгөний дагуу нүүрсээ гаргаж байгаа гэж ойлгох хэрэгтэй" хэмээн хэлсэн юм. Гэвч бодит байдалд экпортын зарим бүтээгдэхүүний орлого Монголбанканд бүртгэгддэггүй тул албан ёсны валютын нөөцийн мэдээллийг гаргахад хүндрэлтэй байдаг ажээ.
Нүүрсний орлогыг Монголбанканд бүртгэдэггүй хэрнээ элдэв төсөл, хөтөлбөр, төмөр замын бүтээн байгуулалтад ашигладаг байна. Уул уурхайн экспортоос хараат валютын нөөцтэй манай улсын хувьд өнөөдөр нэг ам.доллар 3392.51 төгрөгтэй тэнцлээ. Валютын нөөцөө нэмэхийн тул УИХ болон Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй болж байна. Үгүй бол ирэх оноос төлж эхлэх гадаад өрийн хэмжээ валютын зөрүүнээс болж нэмэгдэх нь манай улсад томоохон хохирол болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэхээ биш нэг улс байна ийм юмаа харж тооцоо хийж суугаа байлгүй дээ
Deer baigaa tusheeduud l sain medej tungaaj harah estoi zuil bnda
Гол харлуулсан юм хийхгүй байх л гэж итгэхийн
Boldogshuuu baigaadaa
М�##�ууд минь нүүрсээ урьдчилж зарж х�##�амж битгий тараагаад байгаа ч дээ